Д.Дорлигжав: Монгол Улсад хийсэн эрхзүйн шинэчлэл бүхэлдээ дууслаа
МОНГОЛЫН МЭДЭЭШиидлийн Засгийн газрын “Сайдын цаг” уулзалтад өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцож, хууль зүйн салбарт өрнөж буй болон хийхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.
Эрх зүйн салбарт хийж буй шинэчлэлийн гол цөм болсон 7 хууль УИХ-ын чуулганаар баталж дуусч байгаа тухай сайд онцлов. Ингэснээр Прокурорын хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай хууль, Хууль сахиулах албаны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль зэрэг эрх зүйн шинэчлэлд ач холбогдолтой хуулиуд батлагдаж байгаа юм. Эдгээр хуулиуд энэ оны 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Үүнээс гадна Хууль зүйн яамны чиглэлээр болон бусад салбарын нийт 10 гаруй хууль баталсан. Ингэснээр Монгол Улсад хийж буй эрхзүйн шинэчлэл бүхэлдээ дуусч байна. Түүнчлэн "Архивын ерөнхий газрын талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоол өнгөрөгч 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар баталсан. Үүний дүнд Архивын байгууллага маань шинэ байртай болоод зогсохгүй техник технологийн хувьд орчин үеийнх болох боломж бүрдлээ.
Цагдаагийн байгууллагын хувьд АСЕМ-ийн хамгаалалт, бэлтгэлийг явуулж байгаа аж. Цагдаагийн сургалтын төвд АСЕМ-д ажиллах бие бүрэлдэхүүнд цуврал сургалт явуулж байгаа юм байна.
Хууль сахиулах тухай шинэ хуулийн шаардлагын дагуу Хууль сахиулах их сургуулийн сургалтын шинэ хөтөлбөрийг баталсан. Цагдаагийн жирийн ажилтан, хэв журам сахиулдаг хүмүүсийг янз бүрийн салбарт ажиллаж байсан залуусыг богино хугацааны курст хамруулан ажилд авдаг байсан бол одоо хоёр жилийн сургалтад хамруулж мэргэшсэн цагдаа болж, мэргэжлийн алба болно. Энэ хавраас сургалт эхлэх бөгөөд сургалтад хамарсан залуус дахин 2 жилийн сургалтад хамрагдаж, цагдаагийн офицер болох боломж бүрдсэн. Хууль зүйн яамны харьяа байгууллагын ажилтнуудыг ч мөн эдгээр төгсөгчдийн дундаас сонгон шалгаруулж авч байх юм. Мөн цагдаагийн болоод хууль сахиулах байгууллагын удирдах ажилтны удирдлагын сургуулийн хөтөлбөр батлагдсан талаар Хууль зүйн сайд хэллээ.
Одоо эрх зүйн шинэчлэлийн хуулиуд баталсантай холбоотой Засгийн газар, Хууль зүйн сайдын батлах учиртай олон дүрэм журам, зааврыг боловсруулах ажил ид хийж байгаа аж. Мөн есдүгээр сарын 1-нээс эдгээр хуулиуд хэрэгжихтэй холбоотой энэ салбарт ажиллаж буй хүмүүст сургалт хийх сургагч багш нар бэлтгэх ажлыг зохион байгуулж байна гэв. Захиргааны ерөнхий хууль гэх цоо шинэ хууль 7 дугаар сарын 1-нээс мөрдөж эхлэхтэй холбогдуулан зохих сургалтуудыг хийж дуусгажээ.
НҮБ-ын Олон улсын цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, 30 гаруй цагдаагийн алба хаагчдыг сургаж, олон улсад үүрэг гүйцэтгэхэд бэлэн болсон. ШШГ байгууллага 9 дүгээр сарын 1-нээс гяндан, чанга дэглэмт гэх тогтолцоогоо халж, "хаалттай", "нээлттэй" гэх тогтолцоотой болж байгаатай холбогдуулан нийт ял эдлүүлэх байгууллагуудыг хуваарилж зохицуулах бэлтгэл хийж байгаа аж. Ингэснээр хувийн аж ахуйн нэгжүүд "нээлттэй" хорих ангиудад үйл ажиллгаа явуулах боломжтой болно. Мөн 7 хоногоос 1 жилийн хугацаатай хорих ял бий болж байгаа учир аймаг, аймагтаа ял эдлүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Шинэ хорих эмнэлэг мөн ирэх 3 дахь өдөр нээлтээ хийх болсныг Д.Дорлигжав сайд тодотголоо.
Н.Гантуяа