“Шилдэг багш” нараа шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-10-01 09:08:31
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 26 дахь өдөр, Монголын багш нарын 54 дэх өдрөөр Дундговийн багш нар баярын хурлаа хийж, шилдэг багш нараа шагнаж урамшууллаа.

Аймгийн Засаг даргын захирамжаар 2017 онд “Шилдэг төрийн албан хаагч шалгаруулж, урамшуулах журам”-ыг батлан гаргаж, түүнээс хойш жил бүр “Шилдэг багш” нараа тодруулан Өргөмжлөл, нэг сая төгрөгөөр шагнадаг болсон юм.

2020 оны “Шилдэг багш”-аар  Сайнцагаан сумын "Хүмүүнлэг" сургуулийн Биологийн багш Н.Баттунгалаг, "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш О.Цэцгээ, мөн сургуулийн хими, байгаль шинжлэлийн багш С.Ариунжаргал, "Мандал" сургуулийн Физикийн багш Б.Мөнхсаруул, бага ангийн багш Б.Мөнхзаяа, Гурвансайхан сумын ЕБС-ийн сургалтын менежер Б.Мөнхбүрэн шалгарч, тус бүр нэг сая төгрөгөөр шагнуулсан байна.

“Шилдэг багш”-д нэр дэвшүүлэх багш нарын материалыг сургууль, цэцэрлэгийн хамт олны хурлаар хэлэлцүүлж, “Орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа бүтээлч багш нарыг урамшуулах журам”-ын аргачлалын дагуу үнэлж, шалгаруулдаг ажээ.

Багш нарын энэ өдрөөр “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр 13, БШУЯ-ны жуух бичгээр 19, Засаг даргын жуухаар 23, аймгийн Хүндэт тэмдгээр зургаан багш шагнуулж, ирээдүйн бяцхан иргэдээ сурган хүмүүжүүлдэг их ажил үйлс, хөдөлмөрөө үнэлүүлсэн байна. 

相关新闻