Баянхонгорын ууган сургууль бууриа сэлгэж, хичээлийн шинэ байрандаа орлоо

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2020-09-26 21:51:45

Баянхонгор /МОНЦАМЭ/. 96 жилийн түүхтэй Баянхонгор аймгийн ууган сургууль бууриа сэлгэж, өнөөдөр шинэ сургуулийнхаа нээлтийг хийлээ.

2019 оны зургадугаар сарын гурванд сургуулийн шинэ барилгын ажлыг эхлүүлж байсан бөгөөд Улсын төсвийн 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Засгийн газрын гишүүн БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан болон ЭХ-ний дэд сайд М.Баярмагнай, ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, Баянхонгор аймгийн удирдлагууд, "Хаш гоёо" ХХК-ийн хамт олон болон зочид төлөөлөгчид, Номундалай цогцолбор сургуулийн удирдлага багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачууд оролцов. 

Баруун бүсийн аймгуудын дунд хамгийн том барилга болж, сүндэрлэн боссон тус барилгын нийт талбай 10.000 мкв. Төмөр бетон карказ, металл пассад бүхий хийцтэй гурван давхар барилга нь дотроо спорт, урлагийн гурван заал, стандарт гал тогоо, зоогийн газраас гадна 54 анги танхимтай юм байна.

Сонирхуулахад, 2019 оны Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, үр дүнг тодорхойлох боловсролын чанарын үнэлгээгээр Номундалай цогцолбор сургууль нь Монгол Улсын төрийн өмчийн ТОП 20 сургуулийн нэгээр шалгарчээ.