НИТХ-ын дарга Д.Баттулга 4 жил хийсэн ажлаа тайлагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-05-19 16:41:10

2012 оны сонгуулиар байгуулагдсан НИТХ хаалтын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд нийслэлийн ИТХ-ын үе үеийн Тэргүүлэгчид, дарга, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичиг дарга нар хүндэт зочноор оролцов. Энэхүү хуралдаад НИТХ-ын дарга Д.Баттулга үг хэлэв.

Тэрбээр, Өнгөрсөн 4 жилд НИТХ нь нийслэлийн иргэдийн ая тухтай, аюулгүй орчин, нөхцөлд амьдрах бололцоог хангах, хотын зам тээвэр, дэд бүтцийг сайжруулах,  гэр хорооллыг дахин төлөвлөж, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хөтөлбөр боловсруулах, тодорхой зорилтот бүлгийг дэмжих, төрийн үйлчилгээг орчин үеийн жишигт нийцүүлэн, хөнгөн шуурхай хүргэхэд чиглэсэн ил тод, нээлттэй бодлого баримтлан ажиллаж ирснийг энд би цохон тэмдэглэе.
Тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалттай оролцож, иргэд нийтийн тээврээр зорчихдоо нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчдог болсон юм. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурчээ.

Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох зорилгоор газар өмчлөх, ашиглах эрх зүйн харилцааг зохицуулсан хэд хэдэн журмыг батлан гаргасан.  Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх 120 байршлыг баталж, эзэмших эрхийг цахимаар олгох журам гаргаснаар нийслэлийн 75 000 иргэн  өөрийн өмчийн газартай болжээ.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөөг хэрэгжүүлэхэд 25,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд үүнээс 2014-2017 оны хугацаанд 12 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэхүү төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

2012-2015 оны хугацаанд нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 2936 төсөл арга хэмжээг 901,2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүллээ.

Боловсролын салбарт 2012-2015 онд 96 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, өргөтгөлийг ашиглалтад оруулснаар боловсролын салбарын хүчин чадлыг 25 мянгаар нэмэгдүүлэв.

Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ хүүхдийн зулай шиг нимгэрсэн байсныг шинэчлэн, 2012-2015 онд дулаан цэвэр бохир усны шугамыг засуулах болон шинээр инженерийн шугам сүлжээний нийт 363,4 км шугамын ажил хийгдэж 100 мянган айл өрхийн дулаан, цэвэр бохир усны хэрэглээг найдвартай хангах боломжтой болсон.  

Улс, нийслэлийн төсөв, нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууцны хороолол дунд нийт 45,7 тэрбум төгрөгийн 30,508 ширхэг гэрэлтүүлэг, 9 тэрбум төгрөгийн 1000 орчим камерь суурилуулжээ. 

Өнгөрсөн хугацаанд та бидний нүдэнд харагдах хамгийн том бүтээн байгуулалт бол нийслэлийн автозамын өргөтгөл шинэчлэлийн ажил юм. Зөвхөн сүүлийн гурван жилийн хугацаанд Улаанбаатар хотод нийт 83,63 км зам шинээр тавьж, 175,7 км замыг өргөтгөн шинэчилжээ.  2012-2015 онд хийсэн замын  томоохон ажлуудаас  нэрлэвэл, Улиастай гачуурт чиглэлийн 11 км замын шинэчлэл, Баянзүрх товчооноос Яармагийн гүүр хүртэлх 17,6 км замыг ажлыг онцолж байна.

Мөн Хойд зуслан чиглэлийн замын 40 гаруй жилийн дараа шинэчлэн, унадаг дугуйн замыг давхар шийдвэрлэсэн нь нийслэлийн иргэд хот дотор болон зуслангийн замаар зорчихдоо ая тухай, харьцангуй тайван оролцож, автозамын чанарт өөрчлөлт орсон гэдгийг бодитоор мэдэрч байгаа гэдэгд итгэлтэй байна. Зам тээврийн шинэчлэлийн хүрээнд 721.8у/м гүүр шинээр барьж, 478,36у/м гүүрийг өртөтгөн шинэчилсэн байна.  Мөн “Гудамж” төслийн хүрээнд хотын хамгийн их ачаалалтай байсан  26 уулзварыг өргөтгөж, замын хөдөлгөөний эрчмийг сайжруулжээ.

Эдийн засаг хямралтай, ажлын байр хомс болсон хэцүүхэн цаг үед нийслэлээс “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр”, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам” батлаж, нийслэлээс ЖДҮ, бичил бизнес эрхлэгчдэд зориулан хөнгөлттэй зээл олголоо. Зээлийн санхүүжилтээр бизнес эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөтгөж, бүтээгдэхүүн нэр, төрлөө олшруулж, бизнесээ өргөжүүлжээ.  Энэ хугацаанд бид 20 мянган  ажлын байрыг шинээр бий болгож, 40 мянган иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангажээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор  Багануур, Налайх, дүүргийг дагуул хот, Баянхошуу, Сэлбэ зэрэг нийслэлийн 7 хэсэг газрыг дэд төв болгон хөгжүүлэхээр  шийдвэрлэсэн. Энэ дагуу 2015 онд НИТХ-аас Налайх, Багануур дүүрэгт дагуул хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэж,  баталсан бөгөөд иргэдийн саналд үнэслэн Налайх, Багануур хотыг байгууллаа.  Улаанбаатар хотын дэд төвүүдийн ажил гараанаас гарч, Баянхошуу, Долоон буудлыг хотын дэд төв болгох төсөл Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжиж байна.

Энэ мэт та бидний хамтдаа хэлэлцэн, батлан гаргасан томоохон шийдвэрийн үр дүнд хотын төсвийн бааз суурь бэхжин, хөрөнгө оруулалт урьд жилүүдийнхээс нэмэгдэж, хотын бүхий л салбарт бүтээн байгуулалт өрнүүлэх таатай бололмжийг бидэнд авчирсан юм хэмээв.

 

相关新闻