Шамбалын оронд мөр гаргах ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-09-11 09:52:26

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг Өвөрбаясгалант Хамарын хийдээс Шамбалын оронд мөр гаргах ёслолыг есдүгээр сарын 10-нд зохион байгууллаа.

Говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаа 1853 оны харагчин үхэр жил Хамарын хийдийн зүүн хойд талын Алтан гавал аяга хөмөрсөн мэт жижиг овооны өмнө Шамбалын оронд хожмын шавь нартайгаа дахин уулзахын ерөөл тавьж байжээ.

Хамарын хийдийн газар тиг татан Дүйнхор буюу цагийн хүрдний хот мандлыг байгуулан 108 суваргыг босгож тэнд үйлдэх зан үйлийг дэглэн горимлож ирээдүйд хамаг олон амьтныг энэхүү хот мандлаар дамжуулан үтэр түргэн билэг оюуны төгс дээд түвшинд хүргэх ерөөл бэлгийг үүсгэн адистидыг оршоосон бөгөөд хожмын шавь нар нь тэрхүү зан үйлийг үргэлжлүүлсээр өдгөө 166 дахь жилдээ золгож байгаа аж.

Энэхүү зан үйлд оролцсон хэн бүхэн Ноён гэгээний талбисан их ерөөлд багтах ба их буяны чуулганыг хурааж өөрийн сүнсэн бие хийгээд билэг оюунаа ном бясалгалын их адистидээр цэнгүүлдэг гэж үздэг аж. Сүсэгтэн олон  “Ганжуур” хэмээх хөлгөн судрыг барин Шамбалын орон өөд горооны замаар зорчсон.

Мөн Шамбалын оронд лам нар Дүйжид ням буюу цагийн хүрдний үндэс номыг уншсан бол их соёмбот өвгөн суваргад Ханд цэжү хурал хуржээ.

Харин үдээс хойш Хамарын хийдийн Цогчин дуганад Янра шигбий жойтав буюу буян хишгийн сав засах заслыг хийсэн байна. Мөн Тойногийн сүмд маань хөгжөөж Өвгөн суваргад Лүйжин хурлаа. Өвгөн суварганы гадаа үүдэнд бүх нийтээр Зулын ерөөл уншиж зул мандаажээ.

Ноён хутагтын долоо дахь үеийн тахилч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Зундуйн Алтангэрэл агсан өнгөрсөн зууны ерээд оноос эхэлж Хамарын хийд болон Өвгөн суваргыг сэргээн босгож, хутагтын өв соёлыг хадгалж хамгаалж, музей байгуулж, эд өлгийн зүйл болон бүтээл туурвилыг нь ард олонд хүргэж, судалгааны эргэлтэд оруулснаар Хамарын хийдийг зорих гадаад, дотоодын жуулчин, сүсэгтэн олны тоо нэмэгдсэн юм.


相关新闻