Газрын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны төгсгөлд өнөөдөр Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.
Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулав. Газрын тухай хуулиар газар эзэмших эрхээ барьцаалж хөрөнгө босгох боломжийг газар эзэмшигчид олгосон. Харин газар эзэмшигчийн буруутай үйл ажиллагааны улмаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр “газар эзэмших эрх”-ийг буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд хуулийн дагуу “газар эзэмших эрх”-ийг барьцаалсан этгээдийн эрхийг хэрхэн хангах талаар хуульд тусгагдаагүй. Тиймээс барьцаалагчийн эрхийг хангах, хамгаалах зохицуулалтыг Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусган боловсруулсан байна.
УИХ-ын гишүүн Су.Батболд энэ хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар давхар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасныг дэмжив. Мөн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг 90.9 хувийн саналаар дэмжлээ. Мөн өнөөдөр Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг дэмжсэн юм.
Н.Гантуяа