27 га газарт нөхөн сэргээлт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-10 12:14:23

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд нийт 525 га газар эвдэрсэн. Үүний 259.9 га талбайд “Мо-Эн-Ко” ХХК-ийн Хөшөөтийн уурхай болон бусад компани олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.  

Тэгвэл одоогийн байдлаар олборлолт хийхгүй байгаа 148.5 га эвдэрсэн талбай бий. Үүний 3.5 га газарт нөхөн сэргээлт хийсэн байна. Мөн 27 га газарт нөхөн сэргээлт хийхээр ажиллаж байгаа гэнэ.  

Уул уурхайн олборлолтын дараах нөхөн сэргээлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд норм, стандартын хэрэгжилт хангуулах, илэрсэн зөрчлийг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор мэргэжлийн байгууллагууд "Нөхөн сэргээлт- 2020" хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Ховд аймгийн Мэргэжлийн хяналт, Цагдаа, Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран нийт 12 суманд хяналт шалгалт хийжээ. Ингэхдээ ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй болон бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.  


相关新闻