Ноён Сэврэй хийцийн мөнгөн эдлэл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-09-11 16:12:36

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн брэнд бүтээгдэхүүн буюу алдарт Ноён Сэврэй хийцийн мөнгөн эдлэл нь тус аймгийн музейд хадгалагдаж байна.

Энэхүү Ноён Сэврэйн хийцийн мөнгөн эдлэлийн бусдаас ялгагдах онцлог:

Мөнгөн эдлэл нь зузаан мөнгөний орц арвинтай, эдэлгээ удаан бат бөх, уламжлалт гар арга буюу утас сувималын аргаар хийдэг. Хөөмөл хээ, хөөлтүүр гэж бараг байхгүй. Ноён Сэврэй хийцийн мөнгөн аягыг хийхдээ амыг битүү эргүүлдэг мөн аяганы  дотор, ёроол хэсгийг их орцтой мөнгөөр хийж бүдүүн мөнгөн утсаар давхарлан хажидсан утас тавьж битүү бадам хээгээр чимэглэн урласан байдгаараа онцлогтой. Их гарын мөнгөн аяганд 32-35 лан, дунд гарын аяганд 17-20 лан, жижиг аяганд 8-10 лан мөнгө орсон байдаг. Мөн утас сувималын аргаар хийдэг, орц ихтэй эдэлгээ сайтайгаас гадна дахин давтагдашгүй урлагийн бүтээл гэдгээрээ үнэ цэнтэйд тооцогддог байна. Ноён Сэврэйн хийцийн мөнгөн аягыг байнга хэрэглэхэд насаараа эдэлдэг бат бөх юм.

Монгол Алтайн нурууны үзүүр хэсэг Арц гурван богдын нуруунаас урагш говийн Гурвансайхан уулын үзүүр одоогийн Өмнөговь аймгийн төвөөс баруун тийш, Тостын нуруу, Алтан уулын баруун үзүүр хүртэл уртаашаа 450-д км өргөөшөө зарим хэсэгтээ 300 км хүртэл өргөн уудам говь нутгийг хамарсан Халхын Сайн ноён хан аймгийн Авирмэд гүний хошуун буюу сүүлд Ёст бэйлийн хошуу гэж нэрлэгдсэн энэ хязгаар нутгийн ард түмэн эртнээс нааш өв уламжлагдаж ирсэн олон урчууд, дархчуултай, мөнгөн эдлэл ихтэй, өөрсдөө гоёхоосоо илүү морио дээдлэн гоёж чимж ирсэн удам дамжсан ёс заншил бүрэлдэж тогтсон нутаг билээ. 

Энэ хошууны Ноён богд, Хатан Сэврэй хэмээх уулсын хавиар нутагладаг ард олны дотор мөнгөний дархчуул олон байсан. XVIII зууны сүүлч, XIX зууны эхэн үед амьдарч байсан Шарав дархан харамч ноёнд эрдэнийн шигтгээтэй мөнгөн домбо хийж өгөхдөө домботой цайг аяга руу тонгойлгоход "боль боль, боль боль" гэж дуугардаг болгон хийж өгч байсан гэх домог яриа бий. Мөн Ням дархан хаалганы оньсыг гаднаас хүн ирж тотгоор гараа оруулан мултлахаар татахад, "Хэн бэ хөөе" гэж чангаар хэлдэг болгож хийж өгч байсан домог яриа ам дамжин үлдсэн нь бий.

XIX зууны сүүлч XX зууны эхэн үед амьдарч байсан нэгэн айлын дөрвөн хүү, нэг охин бүгд урчууд бөгөөд охин Янжин нь үйлэнд уран, их ах Долгорын Гэндэнсамба, удаах нь Долгорын Цээпил, удаах нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн олон түмний дунд ардын зураач гэж нэрлэгдсэн, Төрийн шагналт зураач Долгорын Манибадар, түүний дүү Долгорын Ёндон дархан зэрэг алдартай урчууд, мөнгөний дархчууд байсан юм. Энэхүү урчууд бурхны хөрөг бүтээх, сүм хийдийн газарт бурхан, бурхан тахилын хэрэгсэл хийх, эмээл хазаар, аяга зэргийг хийдэг байжээ. Мөн тэдний ойрын төрлийн ах дүү уран Мандир, Дуламжав, Ноён сумын зүүн өмнөд говиор нутаглаж байсан Түвдэн дархан, Долгорын Луузан дархан, Санж дархан, Сэврэй сумын нутагт амьдарч байсан Ёндон дархан 1980-1990-д он хүртэл амьдарч байсан  Мядагийн Данзан, XX зууны дунд сүүлч үед амьдарч байсан төрсөн ах дүү Дагдангийн Пунцагдаржаа, Дагдангийн Базар, мөн Намжилцэрэнгийн Содном нарын үе дамжсан дархчуул олон байв. Эдгээр дархчууд нь мөнгөн эдлэлийг голлон хийдэг байсны дээр сайн оёдолчин хүмүүстэй хоршиж хамтран булигааран эдлэл, эмээлийн гөлөм, богц, монгол гутал хийж, хосолмол иж бүрдлээр нь гоёлын зүйл бэлдэж байсан байна.

Өнөөгийн нөхцөлд дээрх хосолсон урлалыг монгол үндэсний түүхэн уламжлалт соёлынх нь хувьд өвлөн эзэмших шаардлага зүй ёсоор урган гарч байгаа юм. 1970, 1980-аад оны үед амьдарч байсан Сэврэй сумын харьяат Монгол Улсын Төрийн дархан Сономшаравын Сугир нь Ноён Сэврэй хийцийг жинхэнэ утгаар нь өвлөн тээгч /биет бус өвийг өвлөн тээгч/  хүн байсан. С.Сугир нь ган сийлбэрийн урлагийг эзэмшсэн мэргэжлийн дархан байсан бөгөөд түүний дүү Цоож, Эрдэнээ, шавь  Ганхуяг, Отгончулуун, Түмэннаст  зэрэг олон сайн дархчуудтай нутаг юм.


相关新闻