"Хүүхэд бүрт цэвэр ус" төсөлд таван сургууль хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-03 12:44:06

Ховд /МОНЦАМЭ/. Мобиком корпораци нь хүүхэд багачуудыг ундны цэвэр усаар хангах зорилго бүхий “Хүүхэд бүрт цэвэр ус” төсөл хэрэгжүүлж буй юм.

Энэхүү төсөлд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын нэг, зургаа, долоо болон Прогресс, Цаст-Алтай цогцолбор сургууль гэсэн нийт таван сургууль хамрагдав.

Ингээд уг төслийн хүрээнд дээрх таван сургууль тус бүрт хоёр ус цэвэршүүлэгч төхөөрөмж олгосон байна.  

Төслийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 02-ны өдөр Жаргалант сумын ерөнхий боловсролын долоодугаар сургууль дээр болж, Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада тэргүүтэй төслийн багийнхан, аймгийн удирдлагууд, тус сургуулийн багш, сурагчдын төлөөлөл оролцлоо.  

Ерөнхий боловсролын долоодугаар сургууль 2020-2021 оны хичээлийн жилд 1375 сурагч, 112 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж буй юм.

Мобикомын бүх хэрэглэгчдэд зориулан гаргасан “Хайр түгээе” тусгай цэнэглэгч картын борлуулалтын 10 хувийг “Хүүхэд бүрт цэвэр ус” төсөлд зарцуулсан. Уг төсөл Мобиком корпораци болон 1.5 сая хэрэглэгч хамтран хэрэгжүүлсэн нийгмийн хариуцлагын төсөл гэдгээрээ онцлогтой. Энэ утгаараа төсөл амжилттай хэрэгжихэд Ховд аймаг дахь Мобикомын хэрэглэгчдийн оролцоо, хувь нэмэр их байсан гэж төсөл санаачлагчид  онцоллоо.

Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхэлсэн энэхүү төслийн үр дүнд өдгөө Монгол орны 111 сургууль хамрагдаж, нийт 210 ус цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулсан. Ингэснээр 200 мянга гаруй сурагч, багш ажилтнууд өдөр бүр эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангагдах боломж бүрдсэн байна. 

相关新闻