Малчдын нөхөн төлбөрийг шийдвэрлүүлэхээр албаныханд ханджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-09-02 13:37:01

Дорноговь/МОНЦАМЭ/. Өнгөрсөн наймдугаар сард Дорноговийн зарим нутгаар үргэлжлэн орсон аадар борооны улмаас Айраг, Даланжаргалан суманд олон мал хорогдож, малчдад малын гарз хохирол их учирчээ.

Хүчтэй аадар борооноос үүдсэн үерийн хор уршгийг арилгах, хохирлыг тогтоох, хариу арга хэмжээ авахаар аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын баг ажиллаж байгаа бөгөөд нөхцөл байдлыг судлах, үхсэн малын сэг зэмийг бөөгнөрүүлэх, ариутгал халдваргүйтгэл хийн устгах ажлыг зохион байгуулж, нийт хохирлын хэмжээг тогтоосон байна.

Албаныхан хоёр сумын 37 өрхийн 4284 малын нөхөн төлбөрийн зардлыг шийдвэрлүүлэхээр тооцоо, холбогдох материалыг Улсын Онцгой комисст хүргүүлсэн байна.

Мөн Ажлын хэсгийн хоол, шатахуун, хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодист нийт 6,2 сая төгрөгийн зардал гарсныг аймгийн Онцгой комисс шийдвэрлэсэн бол улсын Онцгой комисст санал тавьж шуурхай албаны зориулалтын автомашиныг шийдвэрлүүлж Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангид хүлээлгэн өгсөн бол үерт өртсөн хоёр малчин өрхөд гэр олгожээ.


相关新闻