"Өглөөний цай" уулзалтад багш нарыг урьж ярилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн удирдлагууд "Өглөөний цай" уулзалтад багш нарыг урьж ярилцлаа.
2020 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд "Боловсролыг дэмжих жил" болгон зарлаж сургалтын чанар, багшийн хөгжилд анхааран ажиллаж байгаа юм. Энэхүү зорилтот жилд багш нарын төлөөллийг "Өглөөний цай" уулзалтад урьж тулгамдаж буй болон анхаарах асуудал, шинээр хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон юм. Энэ үеэр багш нар олон санал санаачилгыг гаргаж удирдлагуудад дуулгасан юм. Үүнд арга зүйн сургалтаас гадна хувь хүний хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах, бичиг цаас гэхээс илүү бодит байдал дээр багш хэрхэн хөгжсөн, өөрийгөө хөгжүүлэхийн тулд ямар алхмуудыг хийсэн талаар бодитой үнэлэлт хийх, залуу багш нарыг туршлагатай багш нарт дагалдуулан чадваржуулах шаардлагатай байгааг дуулгасан юм. Мөн мэргэжлийн чиг баримжаа хичээл сонголтод маш сайн анхаарах, бусад сургууль, багш нарын сайн туршлагыг хэрэгжүүлэх, хөдөө сумдын багшлах боловсон хүчин, хүний нөөцөд анхаарч ажиллах хэрэгтэй байна гэлээ.
