51 дотуур байранд 12 мянга гаруй оюутан хүлээн авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалаар баталсан түр журамд 2020-2021 оны хичээлийн шинэ жилд дээд боловсролын салбарт хийсэн гол гол зохицуулалтыг танилцуулсан юм.
Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд 150 мянга гаруй оюутан суралцах судалгаа гарснаас 120 мянга нь бакалаврын түвшинд сурах аж.
“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор танхим
болон танхимын бус хосолсон хэлбэрээр их, дээд сургуулийн хичээлийг зохион байгуулах юм.
Мөн оюутны элсэлт, хичээл сонголтыг цахимаар явуулж байна. Олон улсын туршлага,
бусад орны онцлог нөхцөл байдлыг харгалзан их, дээд сургууль, коллежийн лекцийг
9 дүгээр сарын 1-нээс цахимаар, 10 дугаар сарын 5-наас семинар, лабораторийн
хичээлийг танхимаар эхлүүлэхээр төлөвлөжээ.
Танхимын багтаамжаас хамааран семинар, лабораторийн хичээлийг 20-40 хүртэлх
оюутантай явуулах юм. Сургуулиас лекцийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн
агуулгыг орхигдуулахгүй оюутан, суралцагчид ойлгомжтой байлгахад анхаарч, цахим
контент бэлтгэх студийн тоног төхөөрөмжийн бэлтгэл хангах аж.
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 51 дотуур байранд 12 мянга
гаруй оюутан хүлээн авах бэлтгэл хангажээ. Үүнээс нийслэлд 38 дотуур байранд 11
мянга гаруй, хөдөө орон нутгийн 13 дотуур байранд 1000 гаруй оюутан хүлээн авах
аж. Дотуур байранд амьдрах оюутнуудыг 10 дугаар сарын 1-5-нд хүлээн авах юм.
“Танхимын сургалт зохион байгуулахад сургуулийн анги, танхим, дотуур байрны
хүртээмж, орчны ариутгал, халдваргүйтгэл хийх чиглэлээр их, дээд сургууль,
коллежийн хичээлийн болон дотуур байр орчмын бүс, өрөө тасалгааг
халдваргүйтгэх, гар угаах, ариутгах бодис, биеийн халуун хэмжих багаж,
төхөөрөмж зэрэгт шаардагдах зарлага гарган, санхүүжүүлэх чиглэлийг их, дээд
сургуулиудын удирдлагуудад өглөө. Их, дээд сургууль, коллежийн хувьд
хичээлийн байр, анги танхим, дотуур байрны ариутгал, халдваргүйтгэл,
цэвэрлэгээг хийж оюутан сурагчдаа хүлээж авах бэлтгэл ажлыг үе шаттай зохион
байгуулж байна” хэмээн БШУЯ-ны Дээд боловсролын
газрын дарга Г.Батнэмэх ярилаа.
Т.Энхтогтох