Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан хотын иргэдтэй уузав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-16 10:18:44

Дархан-Уул аймгийн төв Дархан хотод ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр тус хотын иргэдийн төлөөлөлд 2009 оны 6 дугаар сарын 18-наас 2016 оны тавдугаар сар хүртэл Төрийн тэргүүний хувьд хийж гүйцэтгэж ирсэн ажлын тайлангаа танилцуулав.

Тэрээр жил тутам ажлын тайлангаа УИХ-д бичгэр танилцуулж, өнгөрсөн жил УИХ-д бүрэн хэмжээний мэдээлэл хийсэн билээ. Харин энэ удаа Дархан хотын иргэдээр төлөөлүүлэн тэднээр дамжуулж Монгол Улсын иргэдэд ажлаа тайлагнасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа 101 товч зүйл хэсэгт хуваан танилцуулсан юм. Ажлын өрөөгөө Иргэний танхим болгосноос эхлэн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт хийхээр болсон зэргийг үүнд багтаасан байна. Тайлангаа танилцуулахын зэрэгцээ тэрээр иргэдийн бичгээр ирүүлсэн асуултуудад хариуллаа.

Мөн өчигдөр Дархан-Уул аймгийн төв Дархан хотод ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Дархан хотын “Дархан-50 жил” цэцэрлэгт мод тарилаа.

Тэрээр энэ үеэр сэтгүүлчдэд товч ярилцлага өгсөн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Өнөөдөр Дархан хотод ирж мод тарих үйл ажиллагаанд оролцож байна. Манай ард иргэд, албан байгууллагууд бүгд мод тарьж байгаа. Сүүлийн үед сонсогдож байгаа нэг сайн мэдээ бол тарьсан моддын ургалт их сайн байгаа. Аймаг, хотууд бүгдээрээ цэцэрлэгт хүрээлэнтэй болсон. Мод арчилж сурсан.

Мод тарих үндэсний өдөр бий болгосноор нийт 9 сая орчим мод тарьсан. Үүний 70 хувь нь ургажээ гэсэн мэдээлэл гарч байна. Ялангуяа мод багатай газруудад мод тарих, мод үржүүлэх ажлыг нэмж хийх ёстой гэж бодож байна.

Өнөөдөр Дархан хотод ирсний бас нэг гол зорилго бол Ерөнхийлөгчийн ажлыг авснаас хойш ажлын тайлангаа дандаа УИХ-д тайлагнаж ирсэн. Өнөөдөр нийт сонгогчдоо төлөөлөөд ажлын тайлан, танилцуулгаа Дархан хотод хийе гэж бодсон. Дархан хотын сонгогчдоор дамжуулаад энэ жилийн тайланг нийт сонгогчдод хүргэе гэж бодлоо. Их баярлалаа” гэлээ.

 

 

相关新闻