“Хонины найр 2020” арга хэмжээнд энэ жил дотоодын жуулчид оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймагт "Хонины найр 2020 " арга хэмжээ энэ сарын 25-ний өдөр болж дотоод гадаадын 80 гаруй жуулчид оролцлоо. Тус арга хэмжээг зургаа дахь жилдээ Алтанбулаг сумын Аргал хоёрдугаар багийн Баянсонгинот малчдын бүлэг, аймгийн БОАЖГ , Хустайн Байгалийн цогцолборт газар хамтран зохион байгууллаа.
Монгол аж ахуй ёс заншилтай танилцаж тус арга хэмжээг сурвалжилснаа хүргэе.
Энэхүү арга хэмжээнд Монголд суугаа Америкийн элчин сайдын яам, Солонгосын элчин сайдын яам, БОАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төв, Монголын аялал жуулчлалын холбоо, Join.me, Mongolian trekking тур компанийн төлөөлөл гэх мэт 130 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд тус арга хэмжээ цэвэрхэн, хоггүй байгальд ээлтэй болж өндөрлөлөө.
БОАЖЯ-ны
Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан:
-“Аймгийн “Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд
хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутгийн зан заншил, уламжлал, түүх соёл, унаган
байгаль, нүүдэлчин ахуй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй
хөгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд аймгийн
хэмжээнд аялал жуулчлалд чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь
“Хонины найр 2020 ” аялал жуулчлалын арга хэмжээ юм. Энэ жилийн тухайд гадаадын жуулчдаас илүүтэй
дотоодын аялагч, жуулчид зорьж ирж оролцсон нь онцлог байлаа. Учир нь залуу
хойч үедээ монгол ахуй, уламжлалт заншлаа үзүүлж сурталчилна гэдэг том боломж
юм” хэмээв.
“Хонины найр 2020” арга хэмжээ нь уламжлалт аргаар эсгий хийх, таван төрлийн цайны амталгаа,тогоо нэрэх, дээс нийтгэх, тэмээний ноосоор утас ээрэх, нэхий элдэх,хонь холбох,сайн эр хонь танилцуулах, шалгаруулах, хөгжөөнт тоглоом тоглуулах зэрэг монгол аж ахуй ёс заншлыг дэлгэн сурталчилах зорилготой аж .
Арга
хэмжээний үеэр ирсэн зочдодоо таван төрлийн цай буюу бөөрөлзгөнөтэй цай,
борцтой сүүтэй цай, боролзгонын шар цэцэгтэй цай, будаатай цай,нохойн хошуутай цайгаар
дайлж буй. Цай бүр нь тус тусдаа онцлог хүний биед эрүүл бөгөөд нутаг нутгийн зан заншлаас
хамаараад цайны амт бүр өөр байдаг хэмээн аагтай шаргал цайгаа чанаж буй
эзэгтэй нар хүүрнэж байлаа.
Монгол архийг нэрж
амтлуулж буй буурай. Энэ сайхан буурайг Г.Бүзэнхүү
гэдэг. Төв аймгийн Алтанбулаг суманд амьдардаг. Жил бүр Хонины найр арга хэмжээнд оролцож монгол нэрмэлээрээ зочид гийчдээ дайлдаг аж.






Наадамд ирсэн зочдыг таван багт хуваан хөгжөөнт тэмцээн уралдаан
зохион байгуулсан бөгөөд араг үүрч аргал түүх, хүүхдүүд буруу харж хонь унаж
уралдах гэхчлэн аймгийн зургаан багаас тус бүр сайхан хонио зочдодоо сурталчилсан
наадам болжээ. Мөн үеэр АНУ-ын
элчин сайд Майкл С.Клечески: -"Өнөөдөр
их сайхан байна. Анх удаа Хонины найр арга хэмжээнд оролцож байгаа. Монгол хүмүүс их сайхан сэтгэлтэй юм.
Малчдын өдөр тутамдаа хийдэг зүйлсийг үзэж сонирхлоо тэд их хөдөлмөрч юм" гэв.





