Гэр бүлийн боловсролыг явуулын үйлчилгээгээр хүргэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр
бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Хилийн дугаар ангитай хамтран гэр
бүлийн боловсролыг явуулын үйлчилгээгээр эхний ээлжид зургаан сумын
хилийн заставд хүргэжээ.
Хилийн заставд олон гэр бүл байдаг боловч алслагдсан учраас төрөөс
гарч буй хууль тогтоомж мэдээ, мэдээлэл зарим үед дутмаг байдаг гэнэ. Тэгвэл
энэ үеэр аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгааллын
мэргэжилтэн, сэтгэл зүйчид гэр бүлийн тухай хууль тогтоомжийг сурталчлан
таниулж, гэр бүлүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг сонсож мэргэжил арга зүйн
зөвлөгөө өгч байна.
Явуулын үйлчилгээгээр нийт 11 хилийн заставын 300 гаруй иргэдэд хүрч үйлчлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжид Ханх, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Цагааннуур, Улаан-уул, Баянзүрх суман дахь заставуудад хүрч үйлчилжээ. Энэ үеэр алслагдсан бүс нутагт үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын онцлог, тэдний̆ гэр бүлийн нөхцөл байдалтай танилцаж, сэтгэл зүйн ганцаарчилсан болон хосын зөвлөгөөг өгчээ. Мөн мэргэжлийн сэтгэл зүйч тусгай хөтөлбөрийн дагуу гэр бүлийн боловсролын сургалт явуулж, гэр бүлийн гишүүдийн хамтын оролцоог дэмжсэн хөгжөөнт хөтөлбөрийг зохион байгуулсан байна.