ХӨВСГӨЛ: Цаатан иргэдийг ОХУ дахь төрөл садантай нь уулзууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-20 18:06:02

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын цаатан  иргэдийг Оросын Холбооны Тува Улсын Тож хошуун дахь төрөл садантай нь уулзууллаа.


Уулзалтад Цагааннуур сумын 18 цаатан, Тож хошуу дахь 15 цаатан иргэн оролцов. Энэхүү уулзалт нь хоёр орны ижил угсаатнуудын соёл, ахан дүүсийн харилцааг бэхжүүлэх, уламжлалт хэлхээ холбоог сэргээх зорилготой юм.


Цагааннуур сумын цаатан иргэн Ж.Пүрвээ Тува Улсын Тож хошуунд амьдардаг эгчтэйгээ 70 жилийн дараа анх удаа уулзаж, нулимс мэлмэрүүлэн бие биеэ тэвэрч байлаа.




Хүүхэд ахуйдаа хил хязгаарлалт, нутаг усны өөрчлөлтөөс болж холбоо тасарсан тэд 70 жилийн дараа ийнхүү уулзлаа.


Уулзалтад ирсэн хүмүүс наад зах нь зургаан жил, зарим нь огт уулзаж байгаагүй хүмүүс ч байлаа.


Хамгийн гол нь энэхүү уулзалтыг ойр ойрхон зохион байгуулж байхгүй бол нас дээр гарсан хүмүүс ахан дүүстэйгээ уулзаж чадахгүй хорвоог орхиж байгаа нь харамсалтай байгааг хэлж байв.


Цаашид энэхүү уулзалтыг тогтмол зохион байгуулж, хоёр улсын хилийн бүс нутагт оршин суугаа угсаа нэгт ард иргэдийн найрамдал, соёлын солилцоог өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж буйг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар хэллээ. 


Тус аймгийн хэмжээнд 2020 оны хүн ам, орон сууцны тооллогоор тайгад 123 өрхийн 189 цаатан иргэд цаа маллан амьдардаг судалгаа гарчээ.

 














相关新闻