ХӨВСГӨЛ: “Хөх сувд” мөсний баярын тов гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-24 13:13:50

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. "Хөх сувд" мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд 2026 оны 3 дугаар сарын 2-4-нд болно.


Мөсний баяр нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гадаад, дотоодын олон аялагч жуулчин сонирхон оролцдог Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн томоохон үйл ажиллагааны нэг юм.


Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт,  Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байсан.


Харин дараа жилээс нь буюу 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал ажил болж өргөжин хөгжиж байна.


“Хөх сувд” мөсний баярт сүүлийн жилүүдэд 20 мянга гаруй иргэн оролцдог бөгөөд Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг гадаадын олон зочин, төлөөлөгч зорин ирдэг.

 

Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, “Аав ээж би” тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг үйл ажиллагаа тогтмол болдог. 

 



 

 

相关新闻