Ус түгээх байрнуудаас нийт 13 сорьц авч шинжилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан
/МОНЦАМЭ/. Завханы "Амь-Ус трейд" ОНӨААТҮГ он гарсаар аж
ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхөөс цэвэр, бохир усны шугам сүлжээтэй
холбоотой 42 дуудлага хүлээн авсан тухай сэтгүүлчдэд мэдээлэв.
Үүнээс оны эхэнд цэвэр усны
шугамын хөлдөлттэй холбоотой 12 байгууллага, айл өрхийн 215м шугам, бохир усны
шугамын хөлдөлттэй холбоотой долоон байгууллага айл өрхийн
225м шугамыг гэсгээж засварласан байна. Мөн хоёрдугаар өргөлтийн
станцаас 108,000м3 цэвэр усыг түгээж, 97,200м3 бохир усыг татан
зайлуулж, цэвэрлэх байгууламжаар цэвэрлэсэн байна. Урин дулааны улиралд усны хоолой задрах, бохир дүүрсэн гэх дуудлагууд ирдэг. Энэ хавар дуудлга харьцангуй бага байна гэв. Өнөөдрийн байдлаар цэвэр бохир усны зарим шинэчлэлт, засварын ажил хийгдэж байна. Харин бохирын цооног бүхий айл
өрх, албан байгууллагуудаас 236м3 бохир усыг соролтын машин ашиглан татан
зайлуулсан аж.
Түүнчлэн хэрэглэгчдийг ундны усны
ахуйн стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангахын тулд сар бүр тогтмол
аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бактерлогийн лабораторид цэвэр усны
шинжилгээнд хамруулдаг байна. Он гарсаар 11 сорьц, шинжилгээнд хамруулж нянгийн
тоо нь 1мл-д зөвшөөрөгдөх хэмжээ нь 100 байхаас дээрх сорьцын хариу 0-17,
E.Coli илрээгүй. Мөн дотоодын лабораторидоо химийн шинжилгээнд хэрэглэгдэх
үндсэн бодисуудаа найруулан эх үүсвэр, гүний худаг болон ус түгээх байрнуудаас
нийт 13 сорьцыг авч шинжилгээнд хамруулжээ.