"Хүлэмжийн аж ахуйн цогцолбор" үр өгөөжөө өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/.Өмнөговь аймагт "Хүлэмжийн аж ахуйн цогцолбор"-ыг байгуулан ажиллаж байна.
Өмнөговь
аймаг, Хөдөө аж ахуйн их сургууль, БНСУ-ын Кёнсанбуг аймаг хоорондын хамтын
ажиллагааны хүрээнд орон нутгийн болон Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн
хөрөнгө оруулалтаар Даланзадгад сумын "Ногоон хэрэм"-ийн хоёрдугаар
талбайд дээрх цогцолборыг байгуулсан юм. Тус цогцолборт 2017-2019 онуудад тус
бүр нь 600 м/кв бүхий дөрвөн улирлын хоёр хүлэмж, 15 ширхэг зуны хүлэмж,
услалтын систем бүхий ил талбайг байгуулсан билээ. Тухайн цогцолборт 15 нэр
төрлийн хүнсний ногооны 50 гаруй сорт, жимсний 5 төрлийн модны сортууд болон
зарим ховор эмийн ургамлыг тариалж туршилт, судалгаа, үйлдвэрлэлийн үйл
ажиллагаа явуулж байна. 2020 онд тус цогцолборт 40-50 хүний багтаамжтай
сургалтын байр, 16 ажилчдын байрыг барьж ашиглалтад оруулаад байна.
Мөн
тус аймагт 2016 оноос Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар
"Оюу хүлэмж-1", "Оюу хүлэмж-2" төслүүдийг хэрэгжүүлэн,
50-60 хувийн хөнгөлөлттэй үнээр 229 хүлэмжийг орон нутгийн газар тариалан
эрхлэгч иргэн, аж ахуй нэгжид олгож, аймгийн хэмжээнд нийт 463 хүлэмжийн 35.5
мянган м/кв талбайд тариалалт хийж байна.