НИТХ-ын сонгуульд нам, эвслээс 314 хүн нэр дэвшинэ
МОНГОЛЫН МЭДЭЭНИТХ-ын сонгуульд 13 нам, 2 эвслээс нийт 314 хүн нэр дэвших болж Нийслэлийн сонгуулийн хороо (НСХ)-нд материалаа өгсөн талаар өнөөдөр тус хорооны дарга Ё.Гэрэлчулуун мэдээлэв.
НИТХ-д нийт 924 мянга 629 иргэн санал өгөх бөгөөд 396 санал авах байр ажиллах аж. Одоогоор санал авах байрны цахилгаан хамгамж, аюулгүй байдал, мэдээлэл, харилцаа холбооны найдвартай ажиллагаа зэргийг шалгаж, дүгнэлт гаргаж байна. Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор 13 нам, 2 эвслээс НИТХ-д сонгуульд оролцох хүсэлт ирүүлжээ. Нам, эвслээс нийт 314 хүн нэр дэвшигчийн материалаа ирүүлсэн байна. Тухайлбал, МАН-аас 45, АН-аас 45, МАХН-аас 45, ХҮН-аас 29, ТТЭН эвслээс 32 нэр дэвшигч материал ирүүлсэн байна. НСХ ирүүлсэн материалуудыг шалгаж байгаа бөгөөд энэ сарын 17-нд нэр дэвшигчээр бүртгэх эсэхээ шийдвэрлэж, нийтэд зарлана гэдгийг Е.Гэрэлчулуун дарга онцлов.
Тэрбээр, “НИТХ-д бие даан нэр дэвшихээр 30 гаруй хүн хүсэлт ирүүлсэн байна. Бие даан нэр дэвшигчийн материалыг маргааш буюу энэ сарын 14-ны 17 цаг хүртэл хүлээн авах юм. Одоогоор 8 бие даагч материалаа ирүүлсэн. Нэр дэвшигчийн батламжийг сонгуулийн өдрөөс 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 07-нд гардуулна.
Сонгуулийн үеэр 2772 төрийн албан хаагч ажиллахаас 2347 албан хаагчийг сонгуулийн үед хэрхэн ажиллах талаар сургалтад хамруулав. НИТХ-ын сонгуулийн төсөв 900 сая төгрөгөөр батлагдсан. Сонгуулийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байна” хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ