Тэрүнофүжи: Томчуудтай гар зөрүүлэх зорилготой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-07-09 16:46:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түүхэнд анх удаа Жонидан зиндаа хүртэл унаад дээд зиндаанд дахин гарч чадсан Озэки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы сэтгүүлчдэд утсаар ярилцлага өгсөн талаар спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээлснийг толилуулж байна.


Тэрбээр, 10 хоногийн дараа эхлэх 7 дугаар сарын тэмцээнд өндөр амжилт үзүүлэх бодолтой байгаа гэдгээ энэ ярилцлагадаа онцолжээ.


Тэрүнофүжи: “Өнөөдөр өглөөний бэлтгэл дээр Маэгашира, Жюүрёогийн бөхчүүдтэй 20 удаа барилдлаа. Гэмтлээ сэдрээхгүйн тулд эргэн ирэлт хийснээс хойш бэлтгэл дээр 10 барилдаж байлаа. Бага багаар биеэ ачаалалд дасгахгүй бол болохгүй. Хөл хорионы үеэр өөрийнхөө урьд өмнөх барилдааны бичлэгийг үзэж өнгөрөөсөн. Уйдталаа үзсэн. Түрүүлж байсан үеийнхээ бичлэгийг үзэхээр сэтгэл сэргэдэг. Гадагшаа гараагүй ч стресс хуримтлагдсан зүйл үгүй. Коронавирус тусчихвал эргэн тойрны хүмүүст хүндрэл болох төдийгүй хичээж зүтгэж байж, дахин дээд зиндаанд гарчихаад халдвар авч болохгүй гээд гадагш гарах тухай бодоогүй. Доош унасан маань том туршлага болсон. Хичээл зүтгэл, сургамжийн үе байлаа. Токиогийн олимпоос өмнө дээд зиндаанд дахин гарна гэсэн зорилго тавиад байсан. Одоогийн зорилго бол дээд томчуудтай гар зөрүүлэх” хэмээн ярьсан байна.


Дашрамд сонирхуулахад, Гантулгын Ган-Эрдэнэ Улаанбаатар хотод 1991 оны 11 дүгээр сарын 21-нд төрсөн. Мэргэжлийн сумогийн Исэгахама дэвжээнд харьяалагддаг бөх. Дээд зиндаа болох макүүчид нэг удаа түрүүлж, Озэки цол хүртэж байсан юм.

相关新闻