“Монголын тамирчдын өдөр”-ийг 89 дэх жилдээ тэмдэглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-27 12:58:40

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. “Монголын тамирчдын өдөр” өнөөдөр тохиож, Д.Сүхбаатарын талбайд тив, дэлхий, олимпын талбарт эх орныхоо алдар сууг мандуулсан үе үеийн тамирчид нэгэн дор чууллаа.


89 дэх удаагийн ёслолд ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирж, тамирчдадаа хүндэтгэл илэрхийлэв.


Ёслолын ажиллагааны нээлтэд ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам хэлэхдээ, “Биеийн тамир, спортын салбарын төрийн байгууллагын удирдлагын тогтолцоог цэгцлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ард иргэдээ эрүүл, зөв амьдралын дадал хэвшилтэй болгоход нэн тэргүүнд анхаарч иргэдийнхээ бие бялдрын хөгжлийн түвшнийг тодорхойлон зөвлөмж, мэдээлэл өгөх, сургалт дасгалжуулалтын үйл ажиллагааг цахимжуулах, бие даан идэвхтэй хөдөлгөөн хийх, спортоор хичээллэдэг болгон төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно” хэмээн тодотгов.


Биеийн тамир, спортын салбарынхан энэхүү баярт өдрийг угтан онцлох амжилтуудаа танилцуулсан юм. Энэ оны хагас жилийн байдлаар 21 аймаг, есөн дүүрэгт нийт 133 үйл ажиллагаанд 1636 байгууллагын 108 мянган иргэнийг хамруулжээ. Түүнчлэн  бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд “Иргэдийн спортын их наадам”-ыг Хангай, Хойд, Говь, Төвийн бүсэд дөрвөн үе шаттай зохион байгуулж, 23600 гаруй иргэн спортын төрлүүдээр өрсөлдөж байна. Тэгвэл шгишээ багийн тамирчид эхний зургаан сарын байдлаар 19 алт бүхий 92 медаль хүртжээ.


Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын дагуу Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмыг “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор хоёр үе шаттай зохион байгуулж, 31 спортын төрөлд 15 мянга гаруй тамирчин оролцож, шигшээ тэмцээнд 6120 тамирчин 286 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Мөн “Биеийн тамир, спортын улсын үзлэг тооллого”-ыг орон даяар зохион байгуулсан бөгөөд статистик мэдээгээр улсын хэмжээнд 2025 оны эхний хагас жилийн байдлаар 1265 заал, 1127 гадаа талбай болж нэмэгдсэнээр орчны хүртээмж, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх боломж жил бүр нэмэгдэж байгааг энэ салбарынхан онцоллоо.

 































 

相关新闻