“Хийснийг хүндэлж, хотоо хайрлая” нөлөөллийн аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-06-30 11:32:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эхлүүлсэн “Монгол хүн байна даа” аяны үйл ажиллагаа “Хийснийг хүндэлж, хотоо хайрлая” нөлөөллийн аянаар үргэлжилж байна.

Фэйсбүүкийн админ бүсгүйчүүд анх нэгдэж, “Монгол хүн байна даа, маскаа зүүцгээе” уриалгыг иргэдэд уриалж эхэлснээс хойш найм дахь удаагийн нөлөөллийн ажлаа ийнхүү эхэлжээ.

Иргэд, хүүхэд залуучууд “чөлөөт цагаа өнгөрүүлэх ая тухтай орчин байхгүй байна” хэмээн гомдоллодог хэдий ч ОНХС, бусад хөрөнгөөр босгож, бүтээн байгуулсан зүйлсийг огтхон ч хайрлаж, хамгаалдаггүй, эвдэж сүйтгэдэг талаар тэд харамсан ярьж байсан.

Бүсгүйчүүд энэ удаагийн нөлөөллийн ажлаараа Мандалговь хотын хойд цэцэрлэгт хүрээнд байрлах бүжгийн талбайг аймгийн ОБГ, Төв халхын дуулалт жүжгийн театрын аж ахуйн ангийн бүрэлдэхүүн, зарим аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр засч, будаж, хотын үзэмжид өнгө нэмлээ.

Энэхүү нөлөөллийн ажлаараа тэд иргэдийн оролцоо, дэмжлэг, санаачилгыг идэвхжүүлж, иргэд өөрсдийн нөөц боломжоор амьдрах орчноо сайжруулж болдгийг мэдрүүлэхийг хичээж байгаа ба засч, тохижуулсан энэ орчин, бүтээн байгуулсан ажлаа сумын Засаг даргад хүлээлгэж өгөх ажээ.

Цаашид гар бөмбөг, сагсны талбай, хүүхдийн тоглоомын талбайг засч тохижуулахаар төлөвлөж байна.

Бид төрөөс мөнгө зарж ямар нэг зүйл хийхийг, тохижуулахыг хардаг, гомдоллодог, төр хэрэв мөнгөгүй бол хөдөлдөггүй. Хүний хийж бүтээснийг хайрлах, хамгаалах ухамсар бас дорой байна. Тиймээс төр засгийг харалгүйгээр хийж бүтээж болдог, санаачилга байгаад зорилго нь тодорхой бол арга зам заавал олддог гэдгийг тэд харуулахыг хүсч, энэхүү аянаа эхлүүлсэн ба иргэд, залуучуудыг энэхүү аяндаа нэгдэхийг уриалж байна. 

相关新闻