Ерөнхийлөгчийн зарлиг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх шаардлагагүй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай" УИХ-ын гишүүн Г.Уянгын саналыг хэлэлцэх байсан ч гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны хоёрдугаар сарын 26-нд зарлиг гаргаж, "Саусгоби сэндс" компанитай холбоотой эрүүгийн хэргийг өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэн уучлал үзүүлсэн. Харин уг зарлигыг УИХ-ын гишүүн Г.Уянга Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, "Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай" саналыг УИХ-д гаргасны дагуу өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан юм. Харин хэлэлцэх асуудлын дарааллыг байнгын хорооны хуралдааны эхэнд батлах үеэр гишүүдийн олонхын саналаар уг асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж энэ асуудлыг хэрэв Хууль зүйн байнгын хороо хэлэлцвэл хууль зөрчсөн үйлдэл болно гээд “Монгол Улсын Ерөнхийлөгчид уучлал үзүүлэх хэнтэй ч хуваалцахгүй онцгой бүрэн эрх бий. Мөн Ерөнхийлөгч хэн байх нь хамаагүй Үндсэн хуулиар зөвхөн энэ албан тушаалд нь олгогдсон бүрэн эрх бий. Үндсэн хуулийн цэц хэрэв Ерөнхийлөгчийг тангарагаасаа няцсан, эх орноосоо урвасан гэж дүгнэсэн бол түүнийг нь үндэслэн хэлэлцэх ёстой. Тэрнээс УИХ Үндсэн хуулийн цэцийг алгасаад Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн эсэх гэж хэлэлцэх ямар ч эрх зүйн үндэс байхгүй" гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж "Г.Уянга гишүүн иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд хандан маргаан үүсгэж болно. Гэхдээ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, түүнийгээ Үндсэн хуулийн цэцэд өгөх гэж байгаа нь ямар ч боломж байхгүй" гэсэн юм.
Үүний дараа тус байнгын хороогоор Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Уг хууль УИХ-аас батлагдвал 7 Давж заалдах шатны шүүх, дүүргийн 8 шүүх нэмж байгуулах юм.
Одоо Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Тус байнгын хороогоор өнөөдөр АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Н.Гантуяа