Санал хүлээн авах төхөөрөмж гацах асуудал гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит
сонгуулийн санал авах үйл ажиллагаа Өвөрхангай аймагт амжилттай үргэлжилж байна.
Аймгийн хэмжээнд 74367 сонгогч саналаа өгөхөөр сонгогчдын
нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Үүнээс 1594 сонгогч иргэн зөөврийн хайрцгаар
санал өгөх хүсэлтээ ирүүлсэн байна. Энэ дагуу 2020 оны 6 дугаар сарын 23-ны
өдөр 106 хэсгээс 154 чиглэлд гарч, зөөврийн хайрцгаар санал авах үйл ажиллагааг
зохион байгууллаа. Энэ үеэр 1486 иргэн санал өгч, зөөврийн хайрцгаар санал өгсөн
сонгогчдын тоо 93.89 хувьтай байна.
Өнөөдөр өглөөний 07 цагаас аймгийн хэмжээнд 106 хэсэг
дээр санал авах ажиллагааг эхлүүлсэн ба зарим хэсэг дээр иргэний бүртгэлийн болон
санал хүлээн авах төхөөрөмж гацах асуудал гарчээ. Тухайлбал, Баян-Өндөр сумын
31 дүгээр хэсэгт санал хүлээн авах
төхөөрөмж явц дундаа гацсан учраас Сонгуулийн хуулийн 69.4 дэх заалтын дагуу зөөврийн
хайрцганд саналын хуудсыг аваад санал тоолох төхөөрөмжийг засч, хэвийн үйл ажиллагаанд
оруулахаар аймгийн мэдээлэл технологийн баг ажиллаж байна. Төхөөрөмжийг хэвийн
ажиллагаанд оруулсны дараа зөөврийн хайрцгаар авсан саналыг тоолуулах аж.