Донойн хөндийд аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-06-20 09:46:04

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт “Хар нуур орчмын аялал жуулчлалын цогцолбор” төслийн хүрээнд Доной хөндийд аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулж байна.

Тус төв нь аймгийн төвөөс 35 километрт “Донойн” хөндийд байрлаж байна. Завхан аймгийн онгоцны буудлын дэргэд байрлах тус төвийн барилгын ажил өнөөдрийн байдлаар 70 хувьтай байна. Нийт 386.0 сая төгрөгийн өртөгтэй барьж байгаа төвийн гадна тохижилтыг хийж байгаа аж. Гадна талбайдаа 130 ширхэг улиас, 72 бургас, 23 гацуур, 20 ширхэг нарсыг нэг га талбайд тариалжээ.  Барилгын ажил долоодугаар сарын 15-нд дуусаж ашиглалтад өгнө.

Тус мэдээллийн төв нь 2-4 ортой буудал, кофе шоп, Завхан аймгийн брэнд бүтээгдэхүүн худалдаалах дэлгүүр бүхий байгууламж юм. Инженерийн цэвэрлэх байгууламж нь шийдэгдсэн цогц төв болох юм хэмээн барилгын ажлыг гүйцэтгэгч "Жавхлант тур" ХХК-ийн барилгын инженер тус тус мэдээлэв.

Доной хөндий дэх аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулснаар дотоод гадаадын аялагч, жуулчдад нэг дороос мэдээлэл авах боломжийг олгоно. Тухайлбал энэ төвөөс Завхан аймгийн үзэсгэлэнт газар нутгуудын маршрут, амралт, сувиллын газруудын үнэ тариф, зочид буудлын багтаамж, байршил, хөтөч үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Мөн заавал аймгийн төв оролгүйгээр 24 сумын онцлогтой брэнд бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдаж авч болох юм.

Аялал жуулчлал хөгжсөнөөр уугуул иргэд,

малчид орлоготой болно

Завхан аймаг аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлснээр уугуул нутгийн иргэд, малчид орлоготой болж, аймгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ.

Тухайлбал “Хар нуур үндэсний парк” төсөл амжилттай хэрэгжих эхлэл тавигджээ.  Тус төсөл нь Улаагчны Хар нуур, Баян нуур орчмын байгалийн үзэсгэлэнт газар нутгийг аялал жуулчлалын зорилгоор ашиглах үндэсний парк болгон хөгжүүлэхийг зорьж байна.


Энэ төслийн хүрээнд дэд бүтцийг нь бүрдүүлэн байгалийн эко системийг хамгаалж ирээдүй хойч үедээ унаган төрхөөр нь өвлүүлэх, малчдыг аялал жуулчлалын бизнест оролцуулах замаар орлогыг нь нэмэгдүүлэхийг зорьж буй юм байна.

Мөн төслөөр дамжуулан Завхан-Эко аялал жуулчлалын шинэ брэндийг бүтээх. Монгол орны байгалийн өвөрмөц төрх, нүүдэлчдийн соёл уламжлалыг мэдрэх зорилготой төлбөрийн чадвартай гадаадын жуулчдыг татах.

Ан агнуур, дугуй, автомашин, усан завь гэх мэт шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлж, аялал жуулчлалын байгууллагуудыг чадавхжуулах. Сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаа дотоодын аялал жуулчлалаас орон нутагт орох үр өгөөжийг дээшлүүлэх. Байгаль орчны хамгаалал, аюулгүй байдлын стандартыг хэвшүүлэх. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх. Үйлчилгээний чанар, хүртээмж, аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг сайжруулж ашиг орлогыг нэмэгдүүлэх замаар аялал жуулчлалын салбарыг Завхан аймгийн эдийн засгийн нэг тэргүүлэх чиглэл болгохоор ажиллаж байгаа тухай төслийн багаас мэдээлэв. 


相关新闻