Хужирт суманд цэвэрлэх байгууламж барихаар гэрээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хужирт суманд сүүлийн хэдэн жил
яригдаж байгаа цэвэрлэх байгууламжийн ажил нааштайгаар шийдэгдлээ. Тус байгууламжийг шинээр барих гэрээнд энэ сарын 18-нд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн
нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, “Санжат” ХХК-ийн захирал Ж.Төмөрхуяг нар
гарын үсэг зурлаа.
Хужирт
суманд рашаан шавар ашиглаж буй сувиллын газруудаар үйлчлүүлэгчдийн тоо эрс
нэмэгдсэнээс хуучин цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больж, хэвийн
ажиллагаа нь алдагдан рашаан сувиллаас гарч байгаа
бохир ус гадагшаа хальж урсаад Хужирт гол руу нийлдэг болсоор хэдэн жил болж байгаа юм. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018
оны 19 дүгээр тогтоолоор “Хужиртын рашаан шавар болон цэвэрлэх байгууламжийн
талаар авах арга хэмжээ”-ний тухай баталж, холбогдох газруудад үүрэг даалгавар
өгсөн байдаг.
Энэ хүрээнд БХБЯ-ны
Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн
нэмэлт санхүүжилтийн L3388-MON төслөөр тус суманд ариутгах татуургын систем
ба цэвэрлэх байгууламжийг барихаар ТЭЗҮ-ийг боловсруулж, Байгаль орчны төлөв байдлын судалгаа, нарийвчилсан үнэлгээ хийжээ.
Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 310
м3 бохир ус
цэвэршүүлэх ба нийт өртөг нь 3.2 тэрбум төгрөг байх юм.