Ургамал сумын хүүхдүүд угийн бичгээ зөв хөтөлж сурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймгийн Ургамал сумын ИТХ-аас сурагч бүрийг угийн бичгээ зөв хөтөлж сурах ажлыг өрнүүлж байна.
Өвөг дээдэс, садан төрлөө зөв мэдэх, таних, хүндлэх бахархах, баярт гунигт мөчүүдээ хамтдаа хуваалцах, удмаараа ариун сайхан аж төрж, муу муухайгаас зайлж, удам угсааныхаа алдрыг ахан дүүс, удмаараа хамгаалах, удам судраа цэвэр ариунаар авч явж, эрүүл чийрэг бие бялдартай иргэдийг бий болгох зорилготой энэ ажлын хүрээнд "Угийн бичиг" хөтлөх гурван сарын аяныг зарлажээ.
Аяны хүрээнд тус сумын сургуулийн 100-аад сурагч угийн бичгийг хэрхэн хөтөлж байгаа талаараа үзэсгэлэн гаргаж иргэдэд сурталчилжээ. Тус үзэсгэлэнгээр “Ургийн бичиг удмын түүх” хэмээн Монголчууд “удам угсаагаа мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” хэмээн ярьдаг бөгөөд хүн бүр өөрийн уг үндэс, ураг төрлөө сайтар мэдэн, үр залгамждаа учир түүхийг нь зөв ухааруулдаг уламжлалтай болохыг сурталчилжээ. Мөн үзэсгэлэнд тавигдсан угийн бичгээс есөн үеэ бүрэн дүүрэн бичсэн цөөн тооны хүүхдүүд байсан нь цаашид угийн бичгээ хөтлөх ажлыг улам өргөжүүлэх нэн шаардлагатай байгааг харуулж байна. Ер нь өөрийн уг язгуурынхаа түүхийг өндөр дээд өвгөөсөө эхлэн аман болон бичгийн хэлбэрээр дамжуулан хойч үедээ үлдээх уламжлал монголчуудын дунд нэн эрт үүсч, өөрсдийн уг гарал, угсаагаа сайн мэдэж байсныг түүхийн олон баримт гэрчилдэг хэмээн зохион байгуулагчид хэллээ.
Ургийн бичиг нь түүх соёлын ач холбогдолтойн зэрэгцээгээр удмын эрүүл мэндийн байдлыг мэдэх толь юм.
Завхан Б.Мягмарсүрэн