Хархорин сумынхан “Амьдрах орчноо сайжруулъя” аянд идэвхтэй оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-06-11 12:49:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын ЗДТГ-аас “Эко Хархорин сум” төслийн хүрээнд “Амьдрах орчноо сайжруулъя” аяныг зохион байгуулж байна. Иргэдийн оролцоотойгоор орчны тохижилтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой тус аянд сумын айл өрхүүд идэвхтэй оролцож байгаа юм.

Өнгөрөгч сард тус сумын 500 гаруй өрх айл хашаандаа 900 гаруй улиас, 12 төрлийн 240 мод бут сөөг, жимсний мод тарьжээ. Хот тохижилтын албанаас гурван багийн нутаг дэвсгэрт хар шороо буулгаж, мод тарих аргачлал, хог хаягдлыг ангилан ялгах зөвлөмж бүхий 1360 ширхэг гарын авлагыг иргэдэд тараасан байна.

Мөн Монголын тандан судлаачдын холбооны мэргэжилтнүүдээс айл өрхүүдэд хашааны төлөвлөлт, мод тарих, хог хаягдлыг ангилан ялгах талаар заавар, зөвлөгөө өгчээ. Аян 8 дугаар сарын 30 хүртэл үргэлжлэх бөгөөд зохион байгуулагчдын зүгээс шилдэг баг, гудамж, өрхийг шалгаруулах аж.

相关新闻