Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр сумд төслөө ирүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих чиглэлээр 17 сум саналаа ирүүлж нөхцөл шаардлагад
нийцсэн иргэдийн материалыг явуулжээ.
Завхан аймаг энэ онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 24 суманд 747 түр болон байнгын ажлын байр шинээр бий болгох зорилгоор 776 сая төгрөгийн эх үүсвэрийг баталсан аж. Тухайлбал эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг төслийн хүрээнд гэхэд ажлын байр дэмжих 36 сарын хугацаатай, хүүгүй, таван сая хүртэлх төгрөгийн зээлийг 24 сумын 48 иргэнд олгохоор болжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих 48 сарын хугацаатай 50 хувь нь эргэн төлөгдөх нөхцөлтэй 2.5 сая төгрөгийн зээлийг 18 сумын 30 иргэнд олгохоор болсон байна.
Харин залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих 36
сарын хугацаатай, хүүгүй, 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг 11 сумын 11
залуучуудын бүлэг /нэг бүлэг таван гишүүнтэй/-т олгоно. Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт
хүүгүй, 24 сарын хугацаатай гурван сая төгрөгийг долоон сумын найман иргэн
/бизнес эрхэлж буй ахмад/-д олгохоор тус тус баталжээ.
Тухайн төслийг хэрэгжүүлэх сумдыг
сонгохдоо тухайн сумаас ирүүлсэн хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан
мэргэжилтний саналд үндэслэнэ. Мөн өмнөх жилүүдэд тухайн төслийг хэрэгжүүлж үр
дүнд хүрсэн байдал, ирүүлсэн тайланг нь үзэж олгох юм байна. Түүнчлэн эргэн
төлөгдөх нөхцөлтэй төслүүдийн эргүүлэн төлсөн дүн, хугацаа хэтэрсэн эсэх. Хүн
амын тоо, тухайн бүлгийн иргэдийн эзлэх хувийг харгалзан үзнэ. Тухайн жилийн өвөлжилт,
хаваржилтын нөхцөл байдал зэрэг үндсэн таван үзүүлэлтийг тус тус харгалзан үзэж
дэмжлэг үзүүлэх ажээ.