"Чи бол миний Баатар" номыг Өвөрхангайн хүүхдүүд унших боломжтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Inter-Agency Standing Committee” буюу дэлхий даяар хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулж ажилладаг “Байгууллага хоорондын байнгын хороо" (БХБХ)-ноос эрхлэн гаргасан “Чи бол миний Баатар” номыг Өвөрхангай аймагт тарааж эхэллээ.
Хүүхдэд зориулсан зураг бүхий уг ном нь “Ковид-19” цар тахал дэгдсэн улс орнуудад амьдарч буй хүүхдүүдэд зориулсан бөгөөд Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрөөс албан ёсоор зөвшөөрөл авч орчуулан хэвлэсэн байна. БХБХ-ны онцгой нөхцөл дэх сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм сэтгэлзүйн дэмжлэг хариуцсан ажлын хэсгээс коронавирусний дэгдэлтийн үед хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм сэтгэлзүйн хэрэгцээг тодруулахаар Араб, Англи, Итали, Франц Улсыг хамруулан судалгаа авч, судалгааны үр дүнд үндэслэн номын агуулга, түүхийг зохиожээ.
Одоогоор уг номыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Насан туршийн боловсролын төв, Хүүхдийн номын сан, БОЭТ-ийн хүүхдийн тасаг, “Тэгш боломж” эцэг эхийн холбоо, Арвайхээр сумын багийн төвүүд, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, Уянга сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүргээд байна.