Хур бороогүй гандуу байгаа тул малчид өөр нутаг руу оторлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-06-09 13:56:02

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хөдөө аж ахуйн салбарт өрнөж буй зарим үйл явдлаас хүргэе. Зуны эхэн сар гарсан ч аймгийн ихэнх нутгаар хур тунадасгүй, халуун салхитай байна.

Мандах суманд ноднин жилийн наадмаас хойш хур бороо ороогүй нутгийн бүх хэсэг гандуу байгаа тул сумын 30 гаруй өрхийн 50 гаруй мянган мал Хатанбулаг, Хөвсгөл сум руу отроор нүүжээ.

Аймгийн  газар нутгийн урд хэсэг Хөвсгөл, Хатанбулаг сумын нутгаар ногоо ургаж зуншлага сайхан болох төлөвтэй ч хил дагуух Өмнөговь аймгийн Ханхонгор, Дорноговь аймгийн зарим сумын олон мянган мал нүүдэллэн очсоноор мөн л  бэлчээрийн хомсдолд орох магадлалтай болжээ.

 

Мал төллөлт 80 хувьтай


Дорноговь аймгийн хэмжээнд  4231 малчин өрхийн 2.4 сая толгой мал хаваржиж байна. Нийт төллөвөл зохих 803601 толгой эх мал төллөхөөс одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 630306 эх мал төллөж 5988 ботго, 10658 унага, 11996 тугал, 325317 хурга, 284283 ишиг нийт 638242  төл хүлээн авч мал төллөлт 80 орчим хувьтай гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Харин  төл бойжилт 99,9 хувьтай байгаа аж.  Том малын зүй бус хорогдлоор есөн тэмээ,  16 адуу, 25 үхэр 93 хонь, 196 ямаа бүгд 339 толгой мал хорогджээ.

 

Гадны аймгийн 110 мянган мал оторлож байна


Дорноговь аймгийн хэмжээнд Даланжаргалан, Айраг, Алтанширээ Сайхандулаан, Иххэт, Дэлгэрэх, Өргөн, Улаанбадрах, Сайхандулаан суманд  Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн 110 өрхийн 123,7 мянган толгой мал хаваржиж, зусаж байна.

Аймгийн хэмжээнд бэлчээрийн даацад тулгуурлан отор нүүдлийн зохион байгуулалтад оруулах зураглал гаргах, шаардлагатай өвс, тэжээлийн нөөц бүрдүүлж, малчдад мэдээ, мэдээлэл хүргэх, сумдыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллаж байна хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

  


Ноолуурын урамшуулал малчдын дансанд оржээ


Монгол Улсын Их хурлын 2020 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 167 дугаар тогтоолын дагуу 2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр ямаа тоолуулсан малчин, мал бүхий өрхөд  нэг кг ноолуур тутамд 20.0 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарсан.

Дорноговь аймгийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 5350 өрхийн 1094559 толгой ямаа тоологдсон бөгөөд үүнээс 5099 өрхийн 1081899 толгой ямаанаас бэлтгэсэн ноолууранд монгол ямааны үүлдэр, омог, ерөнхий шаардлагыг тооцож, нэг кг тутамд 20 000 төгрөгийн урамшуулал олгож эхэллээ гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Малын цөм сүрэг бүрдүүлэх, ээмэгжүүлэх  ажлыг зохион байгуулж байна


Аймгийн Хүнс, хөдөө аж ахуй газраас  мал сүрэгт үзлэг ангилалт хийж, цөм сүрэг бүрдүүлэх, ээмэгжүүлэх  ажлыг зохион байгуулахаар мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгж “Сэнж Сант” ХХК-тай гэрээ байгуулан Дэлгэрэх, Иххэт, Улаанбадрах сумын нийт 8300 толгой малд ангилалтын ажлыг зохион байгуулж эхэлжээ.

“Малын генетик нөөцийн тухай хууль”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын энэ оны 03 дугаар сарын 25-ны тушаал, аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ний тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор дээрх ажлыг зохион байгуулж буй.

Мөн малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ, удамзүйн үнэлгээний нэгдсэн программыг сайжруулсантай холбогдуулан сумдын программд шинэчлэл хийх, шинээр суулгах ажлыг хуваарийн дагуу зохион байгуулж мэргэжилтэнгүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байгаа аж.

相关新闻