Буйр нуурт амиа алдсан иргэдийн нэгнийх нь цогцсыг гаргаж авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДБуйр нуурт загасчлахаар гарч амиа алдсан 4 залуугийн цогцсыг эрэн хайх ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тэдний нэг нь нуурын эрэг дээр осгосон байдалтай олдсон бол аврагчид өчигдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр нэг хүнийх нь цогцсыг гаргаж авчээ.
Загас агнах хорио тавигдаагүй, нуурын мөс бүрэн хайлж амжаагүй, эргээсээ дөнгөж 200-300 м зайд гэссэн ийм үед амь өрсөн нуур руу гарсан нь банкны зээлээ төлөх, хүүхдийнхээ сургалтын төлбөр гэхчлэн шалтгаан байсныг талийгаачийн ар гэрийнхэн нь учирлан, харуусан сууна.
Буйрын тосгоныхны ярьж байгаагаар урьд жилүүдэд нэг тонн загасыг 5-6 сая төгрөгөөр худалдан борлуулдаг байсан бол энэ өвөл нэг кг загас 500-хан төгрөг, нэг тонн загас 400-500 мянга болтлоо ханш нь ”унажээ”.
Загасны үнэ унасан шалтгааныг тосгоныхон ганцхан хүнд загас худалдан авах зөвшөөрөл өгсөнтэй холбон тайлбарлаж байсан.
Одоогоор Дорнод аймгийн Онцгой байдлын газар болон Улаанбаатар хотын аврах тусгай ангийн алба хаагч 20 шахам хүн, 2 завь, 2 машин, шумбалтын багаж хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.
Б.Туяа