Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн сургалт Сүхбаатар аймагт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-05-20 16:18:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх үндсэн зорилтыг дэвшүүлсэн. Үүний хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах нэгдсэн удирдлагын системийн сургалтыг улс орон даяар эхлүүлсэн. Уг сургалт Сүхбаатар аймагт үргэлжилж байна.

Сургалтаар 13 сумын ЗДТГ-аас тус бүр нэг мэргэжилтнийг оператороор бэлтгэж байгаа бөгөөд энэ үеэр төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх ажилд шаардагдах тус бүр нь 15 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг сумдад олгожээ. Иргэд комьпютер цахим орчны мэдлэг хомс бол дээрх бэлтгэгдсэн оператороор дамжуулан өөрт хэрэгтэй үйлчилгээгээ авах боломжтой. Төрийн үйлчилгээний нэгдсэн системийг бий болгосноор эхний шатанд төрийн 21 байгууллагын 185 үйлчилгээг нэвтрүүлж, цахимаар авах боломжтой болно. Цаашдаа иргэдэд үзүүлдэг 11250 орчим үйлчилгээг нэг системд төвлөрүүлснээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээ хүнээс хамааралгүй  болж улмаар хүнд суртал, олон шат дамжлага, авлига эрс буурах юм. 


Ажлын хэсгийнхэн найм дахь аймагтаа сургалтаа явуулж байна. Зарим аймагт энэ үйлчилгээ хэдийнэ нэвтэрсэн гэсэн үг. Гэтэл өмнөх аймгуудад иргэдийн энэ үйлчилгээгээр авсан лавлагаа, баримт материалыг хангалтгүй, хуурамч байна гэдэг байдлаар иргэдийг буцаах, чирэгдүүлэх асуудлыг үүсгэж байна. Энэ нь ихэвчлэн банкны салбарт гарч байгаа бөгөөд тэдний өөрсдийнх нь мэдээлэл дутмаг байгаатай шууд холбоотой. Тиймээс төрийн болоод үйлчилгээний байгууллагуудыг Монгол Улсын ЗГХЭГ-ын 84 дүгээр тушаалтай  маш сайн танилцах ёстой гэдгийг хэлмээр байна. Учир нь 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн төрийн үйлчилгээний лавлагаанууд үнэт цаасан дээр биш энгийн А4 цаасан дээр хэвлэгддэг болсон. Харин ингэхдээ баруун доод буландаа QR кодтой байгаа. Уг кодоор манай систем рүү нэвтэрч баталгаажуулах боломжтой гэдгийг Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын Бизнес аналист Г.Будням хэллээ.

Иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хийх шинэчлэл нь төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх явдал юм. Энэ нь харилцан ялгаатай  чиг үүрэг бүхий олон төрлийн төрийн байгууллагын зохион байгуулалтыг сайжруулах, үйл  ажиллагааны зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна том төрөөс ухаалаг төр лүү шилжих, цаашлаад иргэн төвтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж буй юм. 

相关新闻