Хатан хаан II Елизавета Их Британийн холбоотнуудад баяр хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-09 13:19:17

ЛОНДОН. /BBC/. Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд хүч чадал, эр зориг гарган нацизмын эсрэг тэмцсэн ард түмэн, Их Британийн холбоотнуудад Их Британийн хатан хаан II Елизавета баяр хүргэжээ. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 75 жилийн ойд зориулсан хатан хааны мэндчилгээг “BBC” телевиз дамжуулан хүргэсэн байна.


"1945 оны 5 дугаар сард хэлсэн эцгийнхээ үгийг санаж, мөн бидний зарим нь биечлэн оролцож байсан баярт ёслолыг дурсахдаа би дайны он жилүүдэд хүч чадал, эр зориг гаргасанд нь Их Британи болон холбоотнууддаа баяр хүргэж байна. Дайнаас эргэн ирээгүй хүмүүсийн дурсгалд хүндэтгэл үзүүлэх хамгийн зөв илэрхийлэл нь дахин ийм зүйл давтагдахгүй байлгахад оршино гэдгийг дайны үеийнхэн мэддэг байсан. Нэгэн үед эвлэршгүй дайснууд байсан улс орнууд өнөөдөр энх тайван, эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө нэгдэн, эв найрамдалтай байгаа нь дайны үед амиа алдсан хүмүүст үзүүлсэн хамгийн том хүндэтгэл юм" гэж тэрбээр хэлжээ.


Уламжлал ёсоор, Их Британи, Өрнөдийн бусад улс орон Ялалтын Өдрийг 5 дугаар сарын 8-нд тэмдэглэдэг. Энэ жил Их Британид Ялалтын өдөр ажлын бус өдөр тохиож байна. 


Их Британийн 31 мянга гаруй хүнийг амийг авч одсон коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор тус улсад зохион байгуулахаар төлөвлөж байсан олон арга хэмжээ цуцлагдсан юм. Хатан хаан ард түмэндээ хандан үг хэлсэн нь Ялалтын баярыг тохиолдуулсан цахим арга хэмжээнүүдийн нэгэн чухал хэсэг болж байна. Өнгөрсөн 4 дүгээр сард 94 насыг зооглосон II Елизавета 98 настай нөхөр Эдинбургийн гүн Филиптэй хамт Виндсорын цайзад өөрийгөө тусгаарлах дэглэмийг мөрдөж байгаа билээ.


"Энэхүү онцгой өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх боломжгүй байгаа нь хүндхэн санагдаж буй хэдий ч бид гэр гэртээ амь үрэгдэгсдийг дурсан санаж байна” гэж хатан хаан Елизавета мөн мэдэгдсэн байна. 

相关新闻