Улиастайд дулааны станц барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймгийн Улиастай хотод 35 мегаваттын цахилгаан, дулааны хосолсон станц барих гэрээ байгуулагдлаа.
Уг станц ашиглалтад орсноор баруун бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр нэгээр нэмэгдэх юм. Мөн Улиастайчууд дулааны нэгдсэн шугам сүлжээнд холбогдохоос гадна орон нутагт 2500 орчим ажлын байр шинээр бий болох юм. Завхан аймгийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд дулааны цахилгаан станц барьж, ашиглалтад оруулах зорилт бий. Энэ дагуу Улиастай суманд 35 мегаваттын цахилгаан, дулааны хосолсон станц барихаар төлөвлөсөн гэж тус аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар гарын үсэг зурах үеэрээ хэллээ. Гэхдээ улсын төсөв хүндрэлтэй байгаа учраас төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр энэ станцыг барихаар болжээ. Дулааны цахилгаан станц барих ажилд Завхан аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, “Цэцэнс майнинг энд энержи” компани, БНХАУ-ын “Энержи инженеринг корпораци” хамтрахаар гэрээ байгуулсан юм. Гэрээний хүрээнд дулааны цахилгаан станц барих компаниудын үйл ажиллагаатай Завхан аймгийн удирдлагууд танилцсан байна.
Завханы төвд цахилгаан, дулааны станц ашиглалтад орсноор Улистайд хуучин ажиллаж байсан томоохон үйлдвэрлэлүүд сэргэх боломжтой. Тухайлбал, хуучны Техник туслалцааны барилга трест буюу барилгын материалын үйлдвэр байнга ажиллах боломж бүрдэнэ.
Мөн хөнгөн аж үйлдвэрийн салбар тэр дундаа мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд ажиллах үндсэн нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн Дэнжийн байршилд 1000-1500 айлын орон сууцны хороолол барихаар зураг төсөл гаргасан. Гэвч халаалт, дулааны асуудлаа шийдэж чадахгүй зогсонги байдалд ороод байсан энэ бүтээн байгуулалт одоо бодит ажил болоход ойрхон боллоо. Улиастай суманд 35 мегаваттын цахилгаан станц баригдсанаар шинэ хорооллууд баригдахаас гадна аймгийн төвийн айлууд дулааны нэгдсэн сүлжээнд холбогдож, байнгын хэрэглээний халуун устай болох боломж бүрдэх юм гэдгийг аймгийн удирдлагууд хэллээ.
Завхан аймаг 70 гаруй мянган хүн амтай. Мөн Улиастай хотыг ирээдүйд 30-аад мянган хүнтэй, баруун бүсийн гол төв байхаар тооцон хот төлөвлөлтийг нь хийжээ. Тийм учраас аймгийн төвд цахилгаан, дулааны станц зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Завхан Б.Мягмарсүрэн