АНУ-ын муж улсуудын эрх баригч нарт хязгаарлалтыг аль болох хурдан цуцлахыг зөвлөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /TASS/. Эрүүл ахуйн хязгаарлалтыг иргэдийн эрүүл мэндэд аюул учруулахгүй байдлаар аль болох хурдан цуцлахыг АНУ-ын муж улсуудын эрх баригч нарт зөвлөж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Тэд үүнийг хийгээсэй гэж бид хүсэж байна. Тэд үүнийг аль болох хурдан, гэхдээ аюулгүй байдлаар хийхийг тэдэнд зөвлөж байгаа. Бид бүгд аюулгүй байгаасай гэж хүсэж байгаа” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Мөн Трампын хэлснээр, олон муж улсад эрүүл ахуйн хязгаарлалтыг бүрэн цуцлахаас өмнө сургуулиудын хичээлийг үргэлжлүүлэх боломжтой аж.
Одоогийн байдлаар АНУ-д зөвхөн эн түрүүнд шаардлагатай бараа бүтээгдэхүүн худалддаг дэлгүүрүүд, эмийн сангууд нээлттэй байгаа юм. Кафе, зоогийн газрууд зөвхөн авч явах захиалга авч байгаа бөгөөд спорт заал, музей, сургууль, цэцэрлэгүүд, кино театр, театруудыг хаасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч “улс орноо нээх” төлөвлөгөөгөө дөрөвдүгээр сарын 16-нд танилцуулсан билээ.
Америкийн засаг захиргаа коронавирусний улмаас авсан арга хэмжээг үе шаттайгаар цуцлах шинэ зөвлөмж гаргасан бөгөөд муж улсуудын нөхцөл байдал харилцан адилгүй байгаа тул хязгаарлалтыг хэзээ сулруулахаа захирагчид нь өөрсдөө шийдэх боломжтой юм.