Францын Үндэсний Ассамблей тэтгэврийн шинэчлэлийг хойшлуулахыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-11-13 15:28:21

ПАРИС, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /DW/. Францын парламентын доод танхим буюу Үндэсний ассамблей тэтгэврийн шинэчлэлийг түр зогсоохыг лхагва гарагт дэмжжээ. Уг саналыг 255 гишүүн дэмжиж, 146 нь эсэргүүцсэн байна.


Ингэснээр Францын иргэдийн тэтгэвэрт гарах нас 2027 оны ерөнхийлөгчийн сонгууль хүртэл 62 нас 9 сар хэвээр байх бөгөөд Ерөнхийлөгч Эммануэл Макроны төлөвлөж байсанчлан 64 нас болж нэмэгдэхгүй юм.


Засгийн газрын тооцоолсноор, ийнхүү буулт хийснээр улсын төсөвт 2026 онд 400 сая евро, 2027 онд 1.8 тэрбум еврогийн дарамт учрах аж. Одоо парламентын гишүүд тэтгэврийн шинэчлэлийг хойшлуулсантай холбоотойгоор нийгмийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх ёстой. Мөн уг шийдвэрийг Францын парламентын дээд танхим болох Сенат батлах шаардлагатай. 


Э.Макрон Себастьен Лекорнюг Засгийн газрын тэргүүнээр дахин томилсны дараа тэрбээр тэтгэврийн шинэчлэлийг түр зогсоох саналыг 10 дугаар сарын 14-нд Үндэсний Ассамблейд оруулжээ. Энэ нь социалистуудын гол шаардлагуудын нэг байсан бөгөөд тэдний дэмжлэг С.Лекорнюд итгэл үл үзүүлэх эсэх санал хураалтаас зайлсхийх, мөн 2026 оны улсын төсвийн төслийг парламентаар батлуулахад зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Өмнөх Ерөнхий сайд Франсуа Байру ирэх оны төсвийг батлуулж чадаагүй юм. 


Э.Макрон тэтгэврийн насыг 62-оос 64 болгож нэмэгдүүлэх тухай хуульд 2023 оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан юм. Тэрбээр энэ алхмаа тэтгэврийн сан ихээхэн алдагдалтай байгаатай холбон тайлбарлаж байв. Уг хуулийг парламентаар хэлэлцүүлж, санал хураахгүйгээр батлах боломж олгодог Үндсэн хуулийн 49.3-р зүйлийг ашиглан баталжээ.


Францын иргэдийн дийлэнх нь уг шинэчлэлийг эсэргүүцсэн байна. Э.Макрон холбогдох хуульд гарын үсэг зурсны дараа улс орон даяар олон нийтийн эсэргүүцлийн жагсаал өрнөжээ.


Социалистууд С.Лекорнюд тавьсан хоёр дахь шаардлага нь парламентаар хэлэлцүүлэхгүйгээр хуулийг батлахын тулд 49.3-р зүйлийг ашиглахаа зогсоох шаардлага бөгөөд тэрбээр үүнийг мөн биелүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

相关新闻