Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Эдийн засаг нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Засгийн газрын энэ сарын 22-ны хуралдаанаар, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд таван бүлгийн 18 зорилтын хүрээнд 103 ажил хэрэгжүүлэхээр тусгажээ. Зорилт бүрийн шалгуур, хүрэх түвшин, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тодорхой заажээ.

ХХААХҮ-ийн салбарын хууль, эрхзүйн орчныг сайжруулж хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжихээр тусгажээ. Мөн цахилгаан станцуудыг өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний салбарын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах юм. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Боловсрол соёл, урлаг, спортын салбарын хөгжлийг дэмжиж, томоохон бүтээн байгуулах ажлыг хийж, хөрөнгө оруулалтыг нэмнэ.
Төсөлд тусгагдсан 103 арга хэмжээний хүрээнд нийт 10.3 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдана хэмжээн тооцоолсон байна. Мөн энэ өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийг батлав
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар, “Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталж, Үндэсний хөтөлбөрийн жагсаалтад нэмлээ. Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр 2014-2019” дууссантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод уялдуулан тус хөтөлбөрийг боловсруулжээ.

Цагдаагийн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж үр дүнд хүрсээр байна. Гэмт хэргийг хянах цогц системийг нэвтрүүлж, телекамер дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь гэмт хэрэг илрүүлэх чадамжийг нэмсэн. Цагдаагийн алба хаагчдын харилцааны соёлыг дээшлүүлэх, байгууллагын ажлыг бүхэлд нь цахимжуулах, боловсронгуй болгох аяныг өрнүүлсэн. Албан хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах, орон сууцжуулах хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлсэн аж.
Иймд цагдаагийн байгууллагыг хөгжүүлэх чиглэлд нэгдсэн төлөвлөгөөний дагуу хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь өгөөжтэй хэмээн үзжээ. Мөн 2018 оны байдлаар, жилд дунджаар 16 ба түүнээс дээш насны 10 000 хүнд 169 гэмт хэрэг, дэлхийн улс орнуудын 100 000 хүн тутамд харьцуулан тооцоолох аргаар тооцоход жилд дунджаар 16 ба түүнээс дээш насны 100 000 хүнд 1686 гэмт хэрэг ногдож байна. Энэ нь хүн ам багатай манай улсын хувьд гэмт хэрэг гарах нь их байгааг харуулж байгаа аж.
Жилд дунджаар 31 000 гаруй гэмт хэрэг бүртгэж, иргэд аж ахуйн нэгжид 184.8 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирч 900 гаруй хүн нас барж, 10351 хүн эрүүл мэндээрээ хохирчээ. Эдгээр асуудлыг цагдаагийн байгууллага 90 гаруй хуулийн 180 орчим хэм хэмжээний хэрэгжилтийн хүрээнд иргэд олон нийтэд хууль сахиулах үүргийг гүйцэтгэж байгаа ч дээрх тоон үзүүлэлтүүд нэмэгдэх хандлага ажиглагдсаар байгаа юм. Цаашид хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллахад техник технологийн хувьд хоцорсон, ажлын арга боловсроогүй, алба хаагчдын ажлын ачаалал их, төсөв хөрөнгийн хүрэлцээ дутмаг зэргээс шаардлагын түвшинд хүрч чадахгүй байна хэмээн үзжээ. Иймд ЦЕГ, ХСИС-ийн хамтарсан ажлын баг цагдаагийн байгууллагын өнөөгийн ажилд дүн шинжилгээ явуулж, энэхүү хөтөлбөрийг бусад бодлогын баримт бичигт уялдуулан боловсруулсныг Засгийн газрын гишүүд дэмжин батлав. Хөтөлбөрийн хугацаанд үндсэн таван зорилтыг хэрэгжүүлж, 118.2 тэрбум төгрөг зарцуулна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэв
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намын гишүүнээр элслээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ батлахыг нь тус намын байранд энэ сарын 22-нд гардуулав.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ, "Ардчилсан нам шинэчлэлийн бодлогоо сүүлийн гурван жил хэрэгжүүлж 200 мянган гишүүнтэй болж чадсан. Таван намын нийлмэл Ардчилсан нам нь сүүлийн гурван жилд үзэл бодлын хувьд нэгдмэл байж чадаагүй. Эрх чөлөө, ардчиллын төлөө нэгдсэн юм. Тэр утгаараа эрх чөлөөний таван тулгуур дээр баруун төвийн үзэл баримтлалтай нам болон төлөвшлөө. Энэ цаг үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү 1994 оны Ардчилсан намын гишүүнчлэлээ эргэн сэргээж, хэт олонход хүчтэй сөрөг хүчин болж нэгдэхээр боллоо" хэмээв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь 1994 оны гуравдугаар сарын 7-нд АН-ын гишүүнээр элсэж 2011 онд гарч байжээ. Түүнд намын гишүүнээр анх элсэж байсан огноогоор батлахыг нь сэргээн өгч байгааг АН-ын дарга С.Эрдэнэ онцолж байв.
Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгийг энэ сарын 30-нд үйлдэнэ
УОК-оос Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгийг энэ сарын 30-нд үйлдэхээр шийдвэрлэжээ. Энэ тухай УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр энэ сарын 23-нд мэдээлэв.
Тэрбээр, “Уг тусгай нислэгээр зөвхөн транзит нислэг үйлдэж байгаа буюу бусад орноос БНСУ-аар дамжин эх орондоо ирж байгаа иргэдийг авах юм. Харин ирэх сарын 1-нд Сөүл, 2-нд Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэж, БНСУ, ХБНГУ-д амьдарч буй иргэдээ авна” гэж мэдэгдсэн юм.
Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтийг нийт 9000 гаруй иргэн гаргасан гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ. Тухайлбал, АНУ, Австралиас 3000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Бусад иргэдийг үе шаттай авахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор дараагийн нислэгүүдийн тов тодорхой болоогүй гэдгийг дурдсан юм. Гадаадаас эх орондоо ирэх өргөдлийг УОК-т бус зөвхөн Шуурхай штабт илгээхийг мөн анхаарууллаа. Шуурхай штабын өргөдөл хүлээн авч, дүн шинжилгээ хийх ажлын баг цагдаа, тагнуулын байгууллагын хяналт дор ажиллаж байгаа аж.
“Мөнхийн тун” үйлдвэр өдөрт 10 мянган хамгаалалтын хувцас үйлдвэрлэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Хоёрдугаар төв эмнэлэг болон Мөнхийн тун, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн бэлэн байдлыг энэ сарын 23-нд шалгав.
Улсын Хоёрдугаар төв эмнэлэг тусгаарлалт, халдварын үед авч хэрэгжүүлэх эрчимт эмчилгээ, вирусний халдварын оношилгоо хийх чадавх, эрэмбэлэн ялгах бэлэн байдлыг хангаж, орчин үеийн чанар стандартын шаардлага хангасан яаралтай үед дайчилгаанд ашиглах 280 орыг бэлтгэсэн байна. Улмаар шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд эмнэлгийн 500 гаруй орыг бүрэн ашиглахаар тооцсон аж.
Мөн “Үндэсний оношилгоо эмчилгээний төв”-ийг ашиглалтад оруулж ард иргэдэд үйлчлэхэд бэлэн болжээ. Ингэснээр манай улс анх удаа изотопын үйлдвэртэй болсон бөгөөд олон төрлийн өвчнийг эрт үед нь эд, эсийн түвшинд оношилж, эмчлэх хамгийн сүүлийн үеийн техник, технологиор тоноглогдсон лабораторитой болсон байна. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсний дагуу тус лабораторид "COVID-19"-ийн оношилгоог ч хийж болох аж. Нийт 180 гаруй төрлийн шинжилгээг маш богино хугацаанд өндөр нарийвчлалтай хийх юм байна.
Олон Улсын стандарт хангасан тус лабораторид ажиллах боловсон хүчний бэлтгэл хангагдсаныг сонсоод Монгол Улсын Ерөнхий сайд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ. Мөн Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн бэлэн байдлын үеийн бэлтгэлийг сайтар хангасныг тэмдэглэв.
Улсын хэмжээнд идэвхтэй ажиллаж буй эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн нэг “Мөнхийн тун” үйлдвэрийн хувьд, уртасгасан цагаар ажиллаж байгаа гэв. Өдөрт 10 мянга гаруй хамгаалалтын хувцас, 160 мянга гаруй амны хаалт үйлдвэрлэж байна. Түүхий эдийн нийлүүлэлт тасраагүй, 2-3 сарын бүтээгдэхүүний нөөцтэй болжээ.
Улс даяараа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, амьдарч байгаа энэ үед Монгол Улсын иргэд төрийнхөө шийдвэрийг хүндэтгэж, өөрийгөө болон гэр бүл үр хүүхэд, бусдыг хамгаалж амны хаалтаа сайтар хэрэглэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа нь алхам тутамд мэдрэгдэж байна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Мөнхийн тун үйлдвэрийнхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан илүү цагаар ажиллаж байгаад талархаж байна гэсэн юм.
Ноос, ноолуурын салбарын экспортын орлого 29.8 хувиар өссөн байна
УИХ-ын чуулганы энэ сарын 24-ны нэгдсэн хуралдаанаар “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.
Засгийн газрын 2018 оны 47 дугаар тогтоолоор ХХААХҮЯ-наас “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ноолуур бол Монгол Улсын стратегийн чухал бүтээгдэхүүн болохыг төрийн бодлогод тодорхойлсон. Ноолуурын үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2017 оныхтой харьцуулахад төрөл, шат бүрт 16-60 хувиар өсөж, нийтдээ 1600 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Ноос, ноолуурын салбарын нийт экспорт 2019 онд 434.7 сая ам.долларт хүрч, 2018 оныхтой харьцуулахад 6 хувиар, 2017 оныхоос 29.8 хувиар өссөн байна. 2019 оны нийт экспортод угаасан ноолуур 65.2 хувийг, самнасан ноолуур 10.4 хувийг эзэлж байгааг ХХААХҮ-ын сайд Ч.Улаан асуулгын хариуг танилцуулахдаа онцлов.

ХХААХҮ-ийн сайдын 2019 оны тушаалаар байгуулсан ажлын багаас “Ноолуур” хөтөлбөрт тусгасан ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг үе шаттай ахиулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, угаасан ноолуурын экспортыг багасгах чиглэлээр тарифын болон тарифын бус хязгаарлалт хийх асуудлыг судлан төсөл боловсруулжээ. Тус төслийг боловсруулахдаа Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдэж, яамд болон холбогдох газруудаас санал авсан бөгөөд дэлхий дахинд үүссэн цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэх юм. “Ноолуур” хөтөлбөрт тусгасны дагуу “Ноолуурын үйлдвэрийг 3 жил тутамд аттестатчилах замаар шаардлагатай техник, технологийг шинэчлэх, үйлдвэрийг өргөтгөх” зорилтын хүрээнд ноос, ноолуурын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 2019 оны 4 дүгээр улиралд аттестатчилж, нийт 140 үйлдвэр, аж ахуйн нэгж хамрагдсан. “Монгол ноолуурын өнгө, давуу шинж чанарт тулгуурлан “Монголын хаан ширхэгт” брэндийг хөгжүүлж, зах зээлд таниулах, сурталчлах, олон улсын чанар, аюулгүйн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эзэмшдэг “Монголын хаан ширхэгт” “ноос, ноолуурын чанарын гэрчлэх тэмдгийг үйлдвэрлэгчдэд олгох, сурталчлан таниулах ажлыг гүйцэтгүүлэхээр Монголын ноос, ноолуурын холбоотой 2018 оны 10 дугаар сард гэрээ байгуулан хамтран ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.
Түүнчлэн малчдын хоршоодод суурилан түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог сайжруулах зорилгоор Загвар хоршооны ТЭЗҮ-ийг хоршоодын мэргэжлийн холбоод болон “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-тай хамтран боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн “Төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг тогтоох тухай” 47 дугаар тогтоол батлагдсан ба тус тогтоолын дагуу Хөдөө аж ахуйн биржийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлж эхлээд байна. Хөдөө аж ахуйн бирж төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь блокчэйн технологийг 2019 оны 12 дугаар сард нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү технологи нь ашиглалтад орсноор биржийн арилжаанд оролцогч хоршоо болон байнгын гишүүн брокерын компаниуд нь цахим орчинд хүссэн газраасаа арилжаа, төлбөр тооцоо гүйцэтгэх боломж бүрдэж байна. Тус системийг нэвтрүүлснээр зах зээлд оролцогчдын хүрээ тэлж, малчин өрх бүхий хоршоо, бусад гадны орны биржүүдтэй шууд холбогдох боломжтой болно гэдгийг Ч.Улаан сайд мэдээлэлдээ онцлов.
Мөн тэрбээр, “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуурын эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 2018, 2019 онд давхардсан тоогоор 38 аж ахуйн нэгжид нийт 296.36 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. Ноолуурын үйлдвэрүүдэд 2016 оноос хойш олгосон зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 160 гаруй тэрбум төгрөг, үүнээс 2019 оны зээлийн үлдэгдэл 52 тэрбум төгрөг байгаа нь боловсруулах үйлдвэрүүд маань эдийн засаг, санхүүгийн маш хүнд байдалд орсныг харуулж байгаа гэв.
Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-нд “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 101 дүгээр тогтоолыг батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Тус тогтоол нь шинэ төрлийн коронавирусний халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед малчид болон боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийн аль, алинд нь үүсэх эрсдэлийг бууруулах, ноолуурын салбарыг дэмжих зорилготой юм. Ноолууран түүхий эдийг үнэ ханшийн уналтаас хамгаалах, үнийг тогтвортой байлгах, үндэсний үйлдвэрлэгчдийг чанартай түүхий эд худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ноолуур бэлтгэлд зориулан ноолуур худалдан авагч үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд жилийн 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн “Бодлогын зээл”-ийг Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгож байгаа бөгөөд зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 30 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэхээр шийдвэрлээд байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэлдээ онцолсон.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан 10 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж ноолуур бэлтгэж эхлээд байна. Эдгээр үйлдвэр, аж ахуйн нэгж нь Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудаас ноолуур бэлтгэж эхлээд байгаа бөгөөд Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Төв, Дундговь, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг аймгуудаас нийтдээ 2240 тонн ноолуур худалдан авахаар төлөвлөсөн байна. Ноолуур бэлтгэлийг аймаг, сумдын хүнс, хөдөө аж ахуйн албад, малчид, бэлтгэн нийлүүлэгчидтэйгээ гэрээ байгуулж, хамтран ажиллаж байна гэж байлаа.