ДЭМБ-ыг шинэчлэхийг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СИДНЕЙ. /TASS/. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг /ДЭМБ/ шинэчилж, тус байгууллагын ажилтнуудад илүү өргөн эрх мэдэл олгохыг уриаллаа.
ДЭМБ-ын мэргэжилтнүүдэд “НҮБ-ын зэвсгийн байцаагч нартай” адил эрх мэдэл өгөх хэрэгтэй бөгөөд энэ нь цаашид өвчний дэгдэлттэй тэмцэх тус байгууллагын чадавхыг бэхжүүлнэ гэж Австралийн Ерөнхий сайд “Sky News” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Хэрэв олон мянган, магадгүй үүнээс ч олон хэдэн зуун мянган хүний амийг аврах боломж байгаа бол үүнийг хэрэгжүүлэх ёстой” гэж тэрбээр хэлсэн байна. Түүний тэмдэглэснээр, “зэвсгийн байцаагч нартай адил эрх мэдэлтэй байх нь тухайн улс оронд урилгагүйгээр очиж, өвчний дэгдэлтийг судлах”, өвчнийг хянах болон түүнтэй тэмцэх чухал мэдээлэл олж авах боломжийг ДЭМБ-ын ажилтнуудад олгоно.
Моррисон мөн одоо "дэлхий даяар дэгдэлтийн үед юу болж буйг, мөн ирээдүйд дахин давтагдахаас зайлсхийхийн тулд юуг өөрчлөх шаардлагатайг мэдэхийн тулд ил тод, хараат бус үйл явц хэрэгтэй байгааг" цохон тэмдэглэжээ.
Одоогийн байдлаар Австралид 6659 хүн коронавирусний халдвар авсан байна. Тус улсад нэгдүгээр сарын 25-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 4671 хүн эдгэрч, 75 хүн нас баржээ. Лхагва гарагт Австралид халдварын 12 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд энэ нь гуравдугаар сарын 9-нөөс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн цөөн тохиолдол болсон байна.