Арилжааны банкнуудтай зөвшилцлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-17 22:56:40

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан тус аймагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын удирдлагуудыг хүлээн авч COVID-19 халдварын хорио цээрийн үед банкны зээл, хүүгийн төлбөрийн талаарх уулзалтыг зохион байгууллаа.

Дэлхий даяар хурдацтай тархаж буй COVID-19 халдвараас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосон энэ үед бизнес эрхлэгчид, ард иргэдэд тулгамдаж буй чухал асуудал бол банкны зээл юм. Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр зарим байгууллагын үйл ажиллагааг зогсоох, ажиллах хугацааг хязгаарлах шийдвэр гарсан. Энэ үед Завхан аймаг бизнес эрхлэгчдэдээ учирч буй эрсдэлийг бууруулах зорилгоор зээл хүүгийн төлбөрийг хойшлуулах, зээлийн хүүг зогсоох, нэмэгдүүлсэн хүү, шимтгэлээс чөлөөлөх зэрэг асуудлаар Санхүүгийн бодлогын зөвлөл, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яаманд 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр санал хүргүүлж байсан. Банкуудын зүгээс иргэд, харилцагчдадаа хөнгөлөлт үзүүлэх, зээлийн шимтгэл бууруулах, хугацаа сунгах тухай асуудал олон хоног яригдаж байна. Өчигдрөөс төв банкнууд тодорхой шийдлүүд гаргаж байгаатай холбогдуулан арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Орон нутгийн үйлдвэрлэлээ тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлэх санал тавив

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж санал солилцон тодорхой чиглэл өгчээ.

Тухайлбал Онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, цагийн хязгаарлалтад орсон, коронавирусний нөхцөл байдлын улмаас орлого нь буурсан, бизнес эрхлэгчдийн зээлийн хугацааг сунгах, шимтгэлээс чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулах.  Хэрэглээний зээлийн нөхцөлийг уян хатан болгож, өрхийн цэвэр орлогын бууралтыг харгалзан зээлийн хугацааг сунгах. Нэмэгдүүлсэн хүү, шимтгэлээс чөлөөлөх. Малчны зээлд онцгойлон анхаарал хандуулж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах. Энэ оны дөрөв, тавдугаар сарын төлбөрийг 10, 11 дүгээр сард шилжүүлж, зээл төлөх хугацааг хойшлуулах. Мөн харилцагч бүрээ сонсож, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж дэмжлэг үзүүлэх. Хугацаа хэтэрсэн зээлдэгчидтэй харилцан тохиролцож, нэмэлт гэрээ байгуулах замаар төлбөрийн нөхцөлийг хөнгөвчилж, уян хатан нөхцөлөөр зээлийн төлбөр барагдуулах боломжийг олгох. Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа бизнесийн бүлгүүдэд санхүүгийн зөвлөх үйлчилгээ, эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь туслах. Шийдвэр гаргах түвшний зарим эрх мэдлийг суманд буюу анхан шатны нэгж рүү шилжүүлэх замаар ард иргэдэд чирэгдэлгүй, шуурхай үйлчлэх. Бүх төрлийн зээлийн эргэн төлөлтийн уян хатан нөхцөлийг бий болгох тухай шийдвэрийг богино хугацаанд гаргах. Хүү, шимтгэлийг бууруулах, бүрдүүлэх бичиг баримтыг багасгаж харилцагчдадаа илүү таатай нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах санал тавьж чиглэл өглөө.

Цаашид орон нутгийн үйлдвэрлэлээ тогтвортой явуулах, бизнес эрхлэгчдээ дэмжихэд аймгийн зүгээс анхаарал хандуулна. Орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй банкуудтай бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа аймгийн Засаг дарга уулзалтын үеэр хэллээ. Харин арилжааны банкны удирдлагууд: “Аймгийн Засаг дарга ард иргэд, харилцагчдын төлөө сэтгэл гаргаж биднийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлье. Таны өгч буй чиглэлүүдийг бид аль болох богино хугацаанд хэрэгжүүлж ажиллах болно” гэлээ.

 

相关新闻