Фермийн сүүний үнэ хямд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Зах зээлийн үнэлгээгээр
малчдаас бэлтгэгдэж ирсэн нэг литр сүү Завханд 3500 төгрөгийн үнэтэй байгаа бол
эрчимжсэн мал аж ахуйн нэгжүүдээс нийлүүлдэг сүү литр нь 3000 төгрөг байна.
Тус аймаг эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийг дэмжих зорилгоор газар эзэмшүүлжээ. Тодруулбал Алдархаан, Улиастай, Цагаанхайрхан зэрэг долоон сумын 27 иргэн, аж ахуйн нэгжид гурваас 10 га газрыг сумын ИТХ, Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлсэн байна. Эдгээр аж ахуйн нэгжид сүү-махны хар тарлан, алатау, симменталь үүлдрийн эрлийз 400 гаруй үхрийг үржүүлснээр нэг үнээнээс жилд 1700-2300 литр сүү авдаг байна. Ингээд аймаг, сумын төвийн иргэд болон цэцэрлэг, сургуулийн хэрэгцээнд нийлүүлж байна. Ингэснээр цэцэрлэг, сургуулийн хүүхдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлж сүүний үнийг тогтвортой байлгахад нөлөөлж буй юм.
Өнөөдрийн байдлаар хөл хориотой холбоотой
цэцэрлэг, сургуульд сүү нийлүүлэлт зогссон хэдий ч иргэдийн эрэлт хэрэгцээ
өндөр байгаа. Тиймээс сүү, тараг, ааруулыг зах зээлийн үнээс арай хямд
борлуулах нь бидэнд маш чухал юм хэмээн эрчимжсэн мал ахуй эрхлэгчид хэлж
байна.