Монгол хэл, бичгийн улсын олимпиадаас алтан медальтай ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн багш, сурагчид улсын олимпиадуудад амжилттай оролцож байна. Тухайлбал, Улаанбаатар хотод болсон Монгол хэл, бичгийн олимпиадаас Дундговийн багш, сурагч алтан медальтай иржээ.
Тодруулбал, Дундговь аймгийн “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн багш Э.Тогоохүү монгол хэлний олимпиадын багш нарын төрөлд тэргүүн байр эзэлсэн бол 12 дугаар ангийн төрөлд “Хүмүүнлэг” сургуулийн сурагч М.Ганбагана хүрэл медаль зүүсэн байна.
Харин Монгол бичгийн олимпиадын 12 дугаар ангийн төрөлд “Хүмүнлэг” сургуулийн М.Ганбагана алтан медаль зүүж, түүний багш Д.Отгонсүрэн шагналт тавдугаар байр эзэлжээ.
М.Ганбагана нь “Монголын сайхан бичигтэн-2015” улсын уралдааны тэргүүн байрын шагналт сурагч юм. Түүний амжилтыг үнэлж Дундговь аймгийн тэргүүний сурагчаар тодруулаад байгаа билээ.
Мөн Мандалговьд зохион байгуулсан Улсын физикийн олимпиадаас Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн 9 дүгээр ангийн сурагч О. Буяндэлгэрэх мөнгөн медаль зүүсэн бол “Мандал” сургуулийн багш Б. Мөнхсаруул хүрэл медалийн эзэн болсон байна.
Улсын төрөлжсөн олимпиадууд тавдугаар сард үргэлжилнэ. Олимпиад бүрт Дундговийн багш сурагчид оюун ухаанаа уралдуулахаар бэлдэж байна.
Т. Отгонтуяа