Техникийн хяналтын үзлэгт 970 гаруй автомашин оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-04 11:17:22

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймагт өнөөдрийн байдлаар техникийн хяналтын үзлэг оношилгоонд 970 гаруй автомашин оржээ.

Техникийн хяналтын үзлэг оношилгоог жилийн турш явуулдаг бөгөөд аймгийн 24 сумаар явуулын үзлэг оношилгоог үзүүлдэг байна. Тус явуулын үзлэг оношилгоо нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-наас эхэлдэг бөгөөд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрээс шалтгаалж хугацаа нь хойшилж магадгүй хэмээн Завхан Авто тээврийн төвөөс мэдээлэв. Ташрамд Завхан аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 13000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Энэ нь нийт өрхийн 60,9 хувь буюу 10 өрх тутмын зургаа нь тээврийн хэрэгсэлтэй байгааг илтгэнэ. Үүнээс малчин өрхийн 58,9 хувь нь авто машинтай 63,7 хувь нь мотоциклтэй байгаа нь баруун бүсийн түвшнээс 5,1 хувиар дээгүүр үзүүлэлттэй байгаа аж.

Сүүлийн таван жилийн судалгаагаар жилд дунджаар 400-700 тээврийн хэрэгсэл нэмэгдэж бүртгүүлдэг байна. Мөн аймагтаа бүртгэлгүй Улаанбаатар болон өөр аймагт бүртгэлтэй машин эзэмшдэг 230-аад иргэн буй тухай аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

 

相关新闻