ХЖТ-т цам бүжгийн хувцас гардуулан өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ХЖТ-т бүжгийн багшаар ажиллаж байсан БНМАУ-ын гавъяат жүжигчин, доктор Д.Бэхбатын охин Р.Хулан "Альшаа цам" бүжгийн хувцсыг тус театрын хамт олонд гардуулан өглөө.
Тэрээр "Уг цам бүжгийг Данзандорж гуай ээжид маань өвлүүлэн үлдээсэн, түүхийн ховор соёлын өв юм. Энэ хүн Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт байдаг Байшинтын хийд дээр тухайн үеийн хэллэгээр цам харайх буюу уг цам бүжгийг бүжиглэдэг байсан юм билээ. 1990 онд өвлөж авснаасаа хойш ээж маань энэхүү цам бүжиг дээр судалгаа хийсэн байдаг" гэлээ. Тэрээр ээжийнхээ байгуулсан "Цам" сангийн тэргүүнээр ажилладаг юм байна.
1800 онд Байшинтын хийд дээр анх бүжиж эхэлсэн Альшаа цам хэмээн нэрлэгддэг уг бүжгийг 1992 онд дахин сэргээж тус аймгийн наадмаар бүжиглэсэн байдаг байна. Өмнө нь уг бүжигт зориулан урласан хувцас аймгийн музейд хадгалагддаг ажээ. Энэхүү хувцасны хээг гараар урласан, оёдолчдын ур ухаан шингэсэн бүтээл болсон байдаг байна.
Харин энэ удаад тайзнаа бүжиглэх бүжигчдийн биед эвтэйхэн байхаар тооцоолж урласан аж. "Шашны зан үйлтэй холбоотой учраас оёдолчдын хувьд судлах зүйл их байсан. Нийтдээ 10 ширхэг хувцсыг богино хугацаанд оёдолчин Б.Отгонцэцэгийн хамтаар урлалаа" гэж ХЖТ-ын оёдолчин Л.Өнөржаргал ярилаа. Тэрээр 19 дэх жилдээ уран бүтээлчдийн хувцсыг урлаж байгаа аж. Нутаг нутгийн цам бүжиг өөр өөрийн өнгө аястай байдаг гэнэ. Өмнөговь аймгийн Байшинтын хийдийн энэхүү цам бүжигт Гомбо бурхан буюу галын бурхнаа тавьдаг нь тухайн цамын онцлог юм байна. Уг бүжгийг сэргээн ийнхүү тайзнаа амилуулснаар гадаадын орнуудад Монгол улсаа сурталчлах зорилготой аж.











