“Эрдэнэс Монгол” нэгдлийн уурхайчин, албан хаагчид нэг өдрийн цалингаа УОК-т хандивлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-02 11:43:21
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтэд тархаад буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг уул уурхай, эрдэс баялгийн салбар дэмжиж, хандивын аян өрнүүлсэн. Энэхүү хандивын аянд “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин болон хараат компаниуд нэгдэж, нийт ажилтан, албан хаагч, уурхайчид нэг өдрийн цалин буюу 134 сая 980 мянган төгрөг хандивлаж байгааг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуян нарт хүлээлгэн өглөө.


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү: “Нэгдлийн 13 охин компанийн нийт 2050 уурхайчин өөрсдөө санаачилж, энэхүү аянд нэгдэн, нэг өдрийн цалингаа хандивлалаа. Тухайлбал, Багануурын 1200, Шивээ–Овоогийн 650 уурхайчнаас гадна Оюутолгой ХХК, Эрдэнэс Оюутолгой, Эрдэнэс силвер ресурс, Эрдэнэс метан, Эрдэнэс алт ресурс, Эрдэнэс стийл, Гашуунсухайт авто зам, Газрын ховор элемент төслийн нэгж, Эрдэнэс Ассет менежмент зэрэг охин, хараат компанийн ажилтнууд бүгд идэвхтэй оролцлоо. Энэхүү сэтгэлийн хандив Улсын онцгой комиссын үйл ажиллагаанд бага ч болов нэмэр болоосой хэмээн хүсч, мөн уурхайчдын зүгээс Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүнд талархаж буйгаа илэрхийлснийг уламжилъя” гэв. 


Түүнчлэн “Оюу Толгой” төслийн гүний уурхайн нэвтрэлтийн ажлыг гүйцэтгэгч “Даян Контракт Майнинг” ХХК болон туслан гүйцэтгэгч “Рэдпаф Монгол” ХХК, “Хасу Мегаватт” ХХК-ийн 1300 уурхайчин залуус ээлжийн цалингаа хандивласан нь 100 сая төгрөг болжээ. Дээрх компаниуд уул уурхайн салбарт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа юм.


Манай улсын экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарынхан аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд халуун гараа сунгаж буйд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин чин сэтгэлийн талархал илэрхийлж, олон түмний сэтгэлийн хандив аюулт өвчинтэй тэмцэхэд ихээхэн хувь нэмэр болж буйг тодотгов.



相关新闻