БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-03-24 16:03:12

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ "Чанжэн-2-Си" зөөгч пуужингийн тусламжтайгаар алсын зайн тандалт судалгааны "Яогань-30" цуврал хиймэл дагуулын зургаа дахь бүлгийг амжилттай хөөргөлөө гэж Xinhua агентлаг мэдээлжээ.


Хиймэл дагуулуудыг Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын буудлаас орон нутгийн цагаар 11 цаг 43 минутад хөөргөж, дэлхийн тойрог замд амжилттай оруулжээ. Хэчнээн хиймэл дагуул хөөргөсөн нь тодорхойгүй байна. Xinhua агентлагийн мэдээлж буйгаар, тэдгээрийг дэлхийн цахилгаан соронзон талбайг судлахад, мөн техникийн туршилт явуулахад ашиглах аж.


"Яогань" цуврал хиймэл дагуулыг шинжлэх ухааны туршилт явуулах, дэлхийн гадаргууг судлах, газар тариалангийн ургац хураалтын урьдчилсан таамаглалд болон байгалийн гамшгийн уршгийг арилгахад ашиглах зорилгоор бүтээжээ. Гадаадын зарим шинжээчдийн таамаглаж байгаагаар, "Яогань" цувралын хэд хэдэн хиймэл дагуулыг цэргийн зориулалтаар ашиглах боломжтой байна.


"Яогань" цувралын анхны хиймэл дагуулыг 2006 онд хөөргөсөн байна. "Чанжэн" цуврал пуужингийн хувьд  329 дэх  удаагаа хиймэл дагуул хөөргөжээ.

相关新闻