Пүрэв гарагийн хуралдаан цаг сунгаж хуралдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан цаг сунган хуралдаж 19:20 минутад өндөрлөв.
Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд дээр гарсан зарчмын зөрүүтэй 150 гаруй, найруулгын чанартай 50 гаруй саналаар нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Тухайлбал, хуулийн төслийн нэрийг Хууль сахиулах ажиллагааны тухай хэмээн өөрчилсөн юм.
Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг санал хураалт явуулснаар дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Хууль зүйн байнгын хорооноос дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, гишүүдэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл, Д.Оюунхорол, Х.Тэмжүүжин нар орж ажиллажээ.
Б.Туул