ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хуулийн төсөл өргөн мэдүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүллээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй. Хуулийн төсөл батлагдсанаар Төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2017 оны төсвийн зарлагын хязгаар, 2018-2019 оны дунд хугацааны зарлагын хязгаарын төсөөлөл болон Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлэх юм байна.
Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2016-2018 онд бага зэрэг буурах төлөвтэй гэж олон улсын шинжээчид үзсэн талаар танилцуулгад дурдсан байна. Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт ирэх 3 жилд дунджаар 5 орчим хувь байх төлөвтэй, тэр дундаа хөдөө, аж ахуй, үйлчилгээний салбарт харьцангуй өндөр өсөлт хадгалагдахаар байгаа бол уул уурхайн салбарын өсөлт саарахаар байгаа юм байна.
Засгийн газраас төсвийн бодлогод шинэчлэл хийж, төсвийн зарлагын үр ашгийг дээшлүүлэх, халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, улмаар улсын төсвийг цаашид алдагдалгүй батлах зарчим баримталж байгаа, төсвийн алдагдлыг бууруулж, хувийн хэвшлийн санхүүгийн эх үүсвэрийн боломжийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа, томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, Алт хөтөлбөр хэрэгжүүлэх, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2016 онд 3.0 хувьд хүрэхээр хүлээгдэж байна.
Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол мал хөтөлбөр, газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг бага хүүтэй, урт хугацаатай зээлээр худалдан авах нөхцөлийг бүрдүүлэх бодлого зэргийн нөлөөгөөр 2016 онд хөдөө аж ахуйн салбар 9.4 хувиар өсөх төлөвтэй байна.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарын хувьд Засгийн газраас импортыг орлуулах экспортыг дэмжих үйлдвэрүүдийг дэмжиж байгаатай холбоотойгоор томоохон боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад орж, 2015-2016 онд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болоод байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ болон гадаадын зээл тусламжийн хэмжээ 2016 онд нэмэгдэх, концессын гэрээгээр хийгдэж буй авто зам, сургууль, цэцэрлэгийн барилгын ажил үргэлжлэх, АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэлтэй холбоотой барилгын ажлууд хийгдэх зэргийн нөлөөгөөр 2016 онд барилгын салбарт өсөлт гарахаар байна.
Хуулийн төсөл нь Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, “Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” болон бусад бодлогын баримт бичгүүдтэй бүрэн нийцэж байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцууллаа.
Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
Тогтоолын төсөл нь эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан, үндсэн чиглэлийг Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хууль, бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөртэй нягт уялдуулан хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгажээ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэгтэй бөгөөд эдгээрийн хүрээнд 2017 онд хэрэгжүүлэх бодлогын зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилтийн хэмжээ, хөрөнгийн эх үүсвэр, хариуцах яам байгууллагыг тусгаснаас гадна үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээ нь урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичигтэй хэрхэн уялдаж байгааг харуулсан байна.
Монгол Улсын Засгийн газар эдийн засагт бий болсон хүндрэл, бэрхшээлийг даван туулах эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогыг авч хэрэгжүүлснээр макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн тэнцэрт байдлыг хангах, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлэн эдийн засгийн өсөлтийг тогтвортой түвшинд хадгална. Нийгмийн хөгжлийг хангах зорилтын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байрыг хадгалах, ард иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн батлан хамгаалах салбарын чадавхийг бэхжүүлж, энхийг эрхэмлэсэн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тусгажээ.