Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотой 237 сая төгрөгийг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-16 19:23:36

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбоотой өнөөдрийн байдлаар аймгаас 237 сая төгрөгийг зарцуулаад байна.

Завханы 15 сум цагаан зудтай, зургаан сум зудархуу нөхцөлд хаваржиж байна. Аймгийн нөөцөөс 134 тонн өвс, 148 тонн тэжээл, улсын нөөцөөс 883 тонн өвсийг үнэгүй, 905 тонн тэжээлийг малчдад 50 хувийн хямдралтай үнээр олгож малчдын хотонд нь хүргээд байгаа. Өвс тэжээлийг малчны хотонд хүргэх, үнийн зөрүүг төлөх, зам гаргаж, дальпуу татах зэрэг ажилд аймгийн Засаг даргын нөөцөөс 237 сая төгрөгийг зарцуулаад байна.
Сум, аймаг, улсын нөөцийн өвс тэжээл дууссан байгаа энэ үед Баян-Өлгий аймгаас нэг боодол нь 5000 төгрөгийн үнэтэй 4000 боодол өвсийг хаваржилт хамгийн хүнд байгаа Тосонцэнгэл, Их-Уул сумын малчдад хүргэж байна. Газар дээрээ нэг боодол өвсний үнэ 5000 төгрөг байгаа хэдий ч тээврийн зардал, ачих буулгах зардлыг оролцуулан 10000 орчим төгрөг болж байгаа бөгөөд зөрүү мөнгийг аймгийн Засаг даргын нөөцөөс гаргаж, малчдад 5000 төгрөгөөр хүрч байна.

Цаашид 4000 боодол өвс нэмж авахаар төлөвлөжээ. УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав гишүүнээр ахлуулсан ажлын баг өнгөрсөн долоо хоногт хаваржилт хүндэрсэн сумдад ажиллаж, өвс тэжээл хүргэх, хаагдсан зам давааг нээх, эмнэлгийн тусламж хүргэх ажлыг зохион байгуулсан. БХЯ, ЗХЖШ –ын зөвшөөрлөөр туулах чадвартай таван автомашиныг хаваржилт хүндрэлтэй байгаа сумдад сарын хугацаатай ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Хаваржилт хүндэрсэнтэй холбоотой болон короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд иргэд, байгууллагаас хандив тусламж авах талаар ямар нэгэн уриалга хүсэлтийг аймгийн зүгээс албан ёсоор гаргахгүй. Хэрэв иргэд, аж ахуйн нэгж байгууллагын зүгээс хандив тусламжийн хөдөлгөөн өрнүүлбэл зөвхөн аймгийн Онцгой комисс дээр нэгтгэн, түүний шийдвэрээр зарцуулах юм хэмээн Завхан аймгийн Засаг даргын Орлогч Б.Ариунаа мэдээлэв. 

相关新闻